УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин баталснаар үдээс хойшхи чуулганы хуралдааныг өндөрлөсөн.
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аас баталснаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл хэрэгжих боломжтой юм.
    Зээлийн нөхцлийн тухайд, Азийн хөгжлийн банкаас хийгдэх 20 сая ам.долларын хөрөнгийг манай тал жилийн хоёр хувийн хүүтэйгээр авч, 25 жилийн хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээжээ. Ингэхдээ эхний таван жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр Азийн хөгжлийн банктай тохиролцжээ. Түүнийг нийгмийн даатгалын сангууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн интернэтэд суурилсан идэвхитэй горимоор ажиллах нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд өөрсдийн оршин сууж буй газраас Нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, даатгал болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэх гэнэ. Мөн нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмжийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн хавтгайрсан давхардсан үйлчилгээг үр оновчтой эзэндээ хүрсэн болгоход зээлийг зарцуулах ажээ.
    Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө УИХ-аар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 81.1 хувийн саналаар баталсан юм. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцсоноос 41 нь зээлийн хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж дэмжсэн. Ингэснээр гэр хороолол дэд бүтцийн шугам татах, иргэдэд зээл олгох замаар байшинг нь сайжруулах, бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож ажлын байр нэмэгдүүлэх. 2028 он гэхэд Улаанбаатар хот ядуу амьдралтай иргэн бараг байхгүй болно. Мөн агаарын бохирдол эрс буурна гэж УИХ-ын гишүүд үзлээ. Эхний ээлжинд 224 сая ам.долларын зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах юм.