УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслөөс МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Завсарлага авахын өмнө тус намын бүлгийн гишүүд гурван жилийн турш хэрэгжих бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж буй чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нар, эрх баригч намын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ёстойг сануулсан юм. Учир нь чуулганы нэгдсэн хуралдаанд эрх баригч намуудаас ердөө дөрөвхөн гишүүн оролцож байв.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей сөрөг хүчний тавьж байгаа шаардлагыг зөв гэж үзэж буйгаа илэрхийлэн "УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал чинь дэмжигдэхгүй шүү дээ" гэв.