Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д “Түүхэнд анх удаа” хөл тавьсан бололтой. Яг ингэж бодогдохуйц сүржигнэж буй нь анзаарагдаж байна.
Бас анх удаа “Хийн хоолойн сувгаа манайхаар дайруулаач” гэж хүсэлт тавьжээ. Түүнийг нь оросууд мөн л анх удаа хүлээн зөвшөөрөөд “Тэгье ээ, танай улсаар дайруулъя” гэсэн аж. Ийм мэдээлэлд хэн итгэх вэ. 
    Хэнд зориулав гэдэг нь тодорхой байгаа биз. Шинэчлэлийн Засгийн газар ийм лут увидастай, татах хүчтэй, геополитикийн мэхтэй юм байж. В.Путин тэдэнд “Тохирлоо” гэдэг алдарт шийдвэрээ дахиад хэлчихлээ гэж үү. Уг нь мэдээллийн хурдаар гайхуулсан, даяаршсан цаг үед амьдарч буйгийнх дэлхийн бусад хэвлэлд энэ талаар юу гэж мэдээлж байгааг олон нийт хангалттай мэдэж байгааг даанч тооцоололгүй “буудчихлаа”. Үүнийг эр зориг гэх үү. Басамжлал, доромжлол гэх үү. Уг нь манай улсын Ерөнхий сайдыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уриагүй. Гэтэл Н.Алтанхуяг Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон гэдгийг бараг марттал сурталчилж, “Түүхэн айлчлал” хэмээн дөвийлгөж байх юм. 
    Гэтэл В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай энэхүү чуулганы үеэр “тааралдаж” “Та энд хүрэлцэн ирсэнд би маш их талархаж байна” гэснийг нь уран сайхны хэтрүүлэгтэйгээр дүрслэх нь инээдтэй харагдах аж. Яаж ч бодсон В.Путин Ерөнхийлөгчийг нь алгасч Ерөнхий сайдтай яриа хэлэлцээ хийхгүй. Гэхдээ өөрийн оронд ирсэн хөрш орныхоо Засгийн газрын тэргүүнийг яаж угтахаа тэрбээр мэдэх билээ. Харин тэгээгүй мэт, шууд л төмөр замаа яаж тавих, хамтарсан үйлдвэрүүд, эдийн засгийн хамтын ажиллагаа зэргээ ярилцаад зогсохгүй БНХАУ, ОХУ-ын хооронд арван жилийн турш ярьж буй хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг дэмжинэ гээд байр сууриа илэрхийлсэн мэтээр мэдээлж байна. Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн гол асуудлыг ярилцах аливаа чуулган, уулзалт, хуралдаан бүрийн үеэр дээрх саналыг ярьдаг. “Бодолцъё, дэмжинэ” гэсэн утгатай битүү, хатуу шийдвэр гардаг ч ажил хэрэг болдоггүй байсан. 
    Энэ удаад арай ахицтай шийдвэр гарлаа гэж дэлхий нийтээр ярьж байгаа нь үнэн боловч болсон явдлыг тэд бодитойгоор мэдээлэх үүрэгтэй. Учир нь энэ бол улс орны эдийн засгийн хувьд сайн мэдээ гэхээсээ илүү түүхэнд үнэн зөв тэмдэглэгдэн үлдэх ёстой. Яагаад тийм баттай шийдвэр сонссон юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Хэрэв хийн хоолойг Монголоор дайруулбал жилд 10 тэрбум ам.долларын орлого транзит тээврээс олох юмсан” гэж ярьж байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Бас нэг асуудал бий. Энэ нь ОХУ, БНХАУ-д 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаас хойш В.Путины нэр хүнд унаж эхэлсэн. Шалтгаан нь “В.Путин энэ сайн сайхан гэрээг байгуулсныхаа төлөө олон чухал капиталыг алдана” гэж шинжээчид үзэж байгаа аж. Тухайлбал, Хятадтай байгуулсан гэрээний хувьд үнийн асуудал “Арилжааны нууц” гэгдээд байгаа ч 1000 шоо метр хийн үнэ нь 350 орчим ам.долларт хүрнэ гэцгээж байна. Үр дүнд нь Хятадын эдийн засагт 100 орчим тэрбум ам.долларын тотаци оруулах болвч Оросын төсөвт бараг ашиггүй, “Газпром”-ыг л тэтгэх, цатгах үүрэгтэй болж таарч байгаа юм. 
    Тиймээс ч ОХУ-ын иргэд “Манай улс Хятадын түүхий эдийг бэлтгэгч орон болох нь” хэмээн халаглаж буй гэнэ. Энэ тохиолдолд Алс Дорнодоос шууд тээвэрлэх байтугай Монголоор дайруулна гэж горьдох нь бүр ч үндэслэлгүй юм биш үү. Мөн одоогоор ашиглалтад ороогүй байгаа “Сила Сибири”-ийн хоолойн бүтээн байгуулалтын ажлын өртөг маш өндөр. Урьдчилсан тооцоогоор, нэгж километр тутамд 7.5 сая ам.доллар гэж төлөвлөсөн нь яваандаа нэмэгдэж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шиг болж зардал нь өсөөд байвал яах вэ. Энэ бүх бүрхэг шийдвэрт эртнээс хөөрцөглөх нь хэр оновчтой бол. Ташаа мэдээллээс гадна тодорхойгүй зүйл дэндүү ихтэй дээрх мэдээллийн талаар Монголын Засгийн газар хэтэрхий эртдэж, эрдэж сурталчилгаа хийснээр “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгч болж олон жил мөрөөдсөн хийн хоолой дайруулан өнгөрүүлэх төлөвлөгөөнөөс хасагдах вий. Энэ бол муу ёр биш, болгоомжлол. 
    Нөгөөтэйгүүр В.Путин Монголыг бус “Газпром”- ын эрх ашгийг түрүүлж бодох нь дамжиггүй. Үүнээс гадна Ерөнхий сайдын оролцсон Санкт-Петербургийн олон улсын чуулга уулзалтын үеэр “Роснефть” компани “Магнай трейд”, “Шунхлай” компаниудтай 2019 оны тавдугаар сарын 31 хүртэл хамтран ажиллаж, энэ хугацаанд хамгийн багадаа нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортлохоор болсон. ОХУ- ын Монголд зарласан энэ их “хайр, хишиг”-ийн хариуд ямар төлбөр өгч таарах бол гэдэг ч бас эргэлзээтэй. Тэгээд ч В.Путин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох нь юу л бол. Тийм ч учраас “Газпром”, “Роснефть”-ийг шахалтад оруулж байгаад ч хамаагүй Монгол, Хятадын талуудтай ашигтай наймаа хийхээр болсон юм биш биз.
 
М.Тунамал