Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 5 сарын 6-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан билээ.

Хуралдаанаас Засгийн газарт хандан хэд хэдэн шийдвэрлэх ажил хүргүүлсний дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.5-д заасан “Бодлогын зөвлөл”-ийг татан буулгах тухай зөвлөмж хүргүүлжээ.

Гэвч Засгийн газар “Бодлогын зөвлөл”-ийг татан буулгах нь байтугай харин ч зөвлөлийнхөө бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүүгийн нэрийг ЭМ-ийн сайд асан С.Ламбаагаар сольсноор асуудлыг шийдвэрлэсэн болчихов. УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү нь Эгийн голын усан цахилгаан станцын даргаар томилогдож үүрэгт ажилдаа орсон байна.

Засгийн газрын энэхүү үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжинд хүндэтгэлгүй хандаж, үл тоож байгаагийн илэрхийлэл болж байгаа төдийгүй ҮАБЗ-д багтаж, улсын хар хайрцагны  бодлого тодорхойлогч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гаргасан зөвлөмжөө биелүүлэхээс ийнхүү санаатайгаар зайлсхийв.