2012 оны сонгуулийн үр дүнд АН “олуулаа” хальт ялав. Гэтэл баярын бялуу хүрэлцэхгүй Н.Алтанхуягийг багагүй сандаргаж билээ.

Ядаж байхад татвар эм авахгүй бол ажил цалгардана гэсэндээ эвслийнхнийг элсүүлчихсэнийг ч хэлэх үү. Үлдсэн жаахан хэлтэрхийгээ хуваах гэж бөөн зодоон болсон юм даг. Ямартаа л Н.Батбаяр УИХ-ын гишүүдийн картыг сугалж зугтааж байх вэ дээ. Аргаа барсан Н.Алтанхуяг сахилгагүй гишүүнээ номхотгохын тулд Сангийн яамнаас нэг хэсгийг нь салган Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой нийлүүлэн байж Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж билээ.

Зөрүүд эрийг номхотгох зорилгоор байгуулсан шинэ яам өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад барьцаанд тавин баахан мөнгө оруулж ирснээ улсын төсвөөс гадуур цацахаас өөр дорвитой ажил хийсэнгүй. “Чингис”, “Самурай” нэртэй бондын өр Монгол Улсыг цаг, минутаар өрөнд оруулсаар... 

Тодруулбал, Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг хэдийнэ даваад байгаа билээ. Харин өөдрөг үзэлтэй сайд маань энэ бүхэн өр биш өвөг дээдсийн хишиг гэж айлддаг юм. “Чингис” бондын зөвхөн 2013 оны хүүгийн төлбөр нь л гэхэд 98 тэрбум төгрөг буюу 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилд төлөгдөх үндсэн төлбөртэй тэнцэж буй нь төсөвт хэр хэмжээний ачаалал бий болгосныг харж болно. Түүнчлэн иргэдийн амьжиргаа муудаж, талх таллаж эхэлснийг салбарын сайд өөдрөгөөр харж, өөр үзлээр ханддаг. Тиймдээ ч амьдралаас тасарсан авхаалжтай сайдад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гавьяат эдийн засагч цол хүртээсэн юм. Хатуухан хэлэхэд, эдийн засгийг хөгжүүлж биш хямрааж өгсөнд нь талархсан Төрийн тэргүүний үнэлэмж гэх үү дээ. Харамсалтай нь, тус яамны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хангалтгүй. 2013 оны аравдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос яамдын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцан шалгах ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн яамны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 8.3 хувьтай гарсан тэмдэглэл бий. Хэдийгээр оны төгсгөл рүү ажлаа шахаж, гүйцэтгэлээ хангадаг гэж үзэж болох ч тус яамны бодит төрхийг дээрх үзүүлэлтээс харж болохоор байгаа юм.

 

Тийн атал Н.Батбаяр сайд мөн Хөгжлийн банк хэмээх банкийг хувийнх юм шиг, түүнд төвлөрсөн мөнгийг өөрийнхөө мэт санаж бусад сайд, дарга нарыг өөртөө мөргүүлж, сөхрүүлэх болсон гэнэ билээ. Эдийн засаг элгээрээ мөлхөх болоход иргэд ч түүний өмнө толгой бөхийлгөнө гэж найдаж суудаг бололтой юм билээ. Иймээс нэн даруй энэ яамыг эзэнтэй нь татан буулгая. Тэгж чадвал эдийн засаг хямарсан энэ үед чамлахааргүй хэмнэлт хийж болохыг уншигч та болгоох буй за.

 

Шинэчлэлийн Засгийн газрын шинэ яамыг 131 хүний орон тоотойгоор баталж байлаа. Өмнөх Засгийн газрын үед Үндэсний шинэтгэлийн хороо 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан агентлаг 131 хүний нөөцтэй Эдийн засгийн хөгжлийн яам болж томорсон нь энэ. Гэвч 2013 оны нэгдүгээр сарын 1-нд тус яаманд 158 хүн ажилладаг гэх статистик дүн мэдээлэл бий. Гэхдээ энэ тоо 2014 оны эхээр буурч 107 болсон. Шалтгаан нь 2013 оны арваннэгдүгээр сарын 9-ний 367 тоот шийдвэрээр Хөрөнгө оруулалтын газрыг байгуулж, хүн амаа хуваасантай холбоотой аж. Агентлагийг ад үзэж байсан сайд Хөрөнгө оруулалтын газар хэмээх хөөрхөн хүүтэй болсон нь тэр. Улмаар хов живнээс холдохын тулд хүн амаа тусгаарласан нь энэ гэнэ. Тус агентлаг 21 хүний бүрэлдэхүүнтэй. Эдийн засгийн орчин таагүй, дээр нь бүхэл бүтэн яамтай атлаа агентлаг байгуулсанд салбарынхан дургүйцэж байсан ч асуудал гаргаагүй. Ямартай ч өмнөх Засгийн үед 43 хүний бүрэлдэхүүнтэй байсан агентлаг нэрээ сольж, зүсээ хувирган томорч, бас хүүтэй болсноор орон тоо нь даруй гурав дахин аривжиж 128 хүнтэй үйл ажиллагаа явуулах болсон нь энэ. Гэвч үр дүн нь эдийн засаг хүндэрсэн, хямарсан хоёрын хавчуургаар хэмжигдэх аж.

 

2012 оны гүйцэтгэлээр тус яам 1.2 тэрбум төгрөгийг зөвхөн цалин урамшуулалд өгсөн байдаг. Мөн бичиг хэрэгт 30.0 сая, шуудан холбоонд 25.0, дотоод томилолтод 54.0, гадаад томилолт 50.0, эд хогшил худалдан авахад 20.0, программ хангамж 20.0, урсгал засвар 29.0, гадаад зочинд 12.0, байрны түрээст 54.0, улс орныг гадаадад сурталчлахад 7.0, сургалт хурал зөвлөгөөнд 3.5 сая, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, төлбөр хураамжид 489 сая төгрөг гэхчлэн зарцуулжээ. Энэ бол 2012 оны гүйцэтгэл. Үүнээс хойш бараа, бүтээгдэхүүн болоод үйлчилгээний зардал тодорхой хувиар нэмэгдсэн тул зарлагын хэмжээ нэлээд өндөр үзүүлэлтээр тодорхойлогдох биз. Тэгэхээр анхнаасаа ганц нөхөрт зориулсан ганган нэртэй яамыг эзэнтэй нь татан буулгаснаар ийм их хэмжээний хэмнэлтийг хийж болох нь. Жилийн 1.2 тэрбумыг хэмнэнэ гэдэг хямарч ядаж яваа, зээлийн өрөнд идэгдэж зовсон манай эдийн засагт юутай том хэмнэлт болох билээ.

Л.НИНЖСЭМЖИД