УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах талаар үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин , “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон асуудлыг тодруулах, нягтлах гэж ажиллаа.

МАН олонхийг бүрдүүлсэн АН-ын засгийн газрыг унагах гээд хонзон  санаад байгаа зүйл биш. Харин ажлыг чинь сайжруулах үүднээс л асуудлыг ярьж байна.

Бид ажиллах боломжийг хангаж найман  сар гаруй боллоо. Гэтэл энэ хооронд төрийн ажлыг гацаалаа гэнэ. Ийм зүйл болоогүй. Ерөнхий сайд гурван удаа биш 30-40 удаа Үндсэн хууль зөрчөөд байна” гэдгийг хэлж байсан юм. 

Ерөнхий  сайд Н.Алтанхуяг: "Би Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд ажлаа хийх гэж өдөр шөнөгүй ажиллаж найман сарыг ардаа орхисон байна. Та нарын гаргаад байгаа үндэслэлүүд ямар ч баримтгүй байна. Үндэслэл дээр Төрийн албан хаагчдыг хоморголон халсан, хурган дарга нар нэмэгдсэн гэж хэлж байна. Гэхдээ өнөөдөр авсан мэдээллээр 300 гаруйгаар албан хаагчдын тоо буурсан байна. Харин хоёр аймгийн Засаг дарга нарыг томилох талаар би хангалттай мэдээлэл хэлсэн. Миний гадаад улс оронтой харьцах харьцааг шүүмжилж байна лээ. "Манай Турк улс" гэж хэлсэний төлөө. Бид бүгд л тэгэж ярьдаг шүү дээ. Би "Манай ардын нам" гэж хэлдэг. Гэхдээ ингэж хэллээ гээд би танай намых болчихгүй, болох ч үгүй.

Харин тэр Уянга гээд байгаа хүн яагаад манай хамаатан болоод байгаа талаар тайлбар хэлмээр байна. Уянга гэдэг манай хамаатны охин байгаа жилийн өмнөөс Дэнзэнтэй үерхэж эхэлсэн юм байна лээ. Би хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Дэнзэн энэ ажилд долоон жилийн өмнөөс ажиллаж байгаа юм байна лээ. Тэгэхээр би хүргэнээ энэ албан тушаалд тавиад холбоотой ажиллаад байгаа юм байхгүй. Тиймээс салгаж ойлгоорой. Та нарт ч бас ийм тохиолдоно" гэж хэллээ.

Харин энэ талаар Ерөнхий сайд өөрийн тайлбарыг өглөө. Гишүүдийн санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулах хэрэггүй гэсэн санал хурааж 66 хувь нь дэмжиж, 23 хувь нь татгалзан Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй.