Дүр эсгэсэн ардчилал Монгол орныг устгаж дууслаа. Ардчиллын өнөөдрийг хүртэл уриа лоозон болгон хашгираад байгаагын цаад зорилго юу вэ? Юу хүсээд байна вэ? Хэн зөвхөн ардчиллыг яриад бай, эрх чөлөөг сурталчлаад бай, хариуцлагагүй байдлыг ухуулаад бай гэж даалгавар өгсөн юм бэ? Зорилго нь юу вэ? Ядуу ард түмэнд сайхан амьдрал хэрэгтэй.

Гэтэл тэр сайхан амьдралыг зөвхөн ардчилал ярьж, ардчиллын хурал хийснээр авчирч чадахгүй. Амьдрал амаар биш ажил хөдөлмөрөөр дэвжин дээшилдэг.

Дүр эсгэсэн Ардчилсан ерөнхийлөгч болон ардчиллыг өмчилсөн эрх баригчдын үг үйлдлүүд монгол орныг буруу зам руу хөтлөнө. Нүүрэн дээрээ ардчилал, ардчилал бас дахин ардчилал хэмээн уриалж, ар хударгаараа улс орныг цөлмөсөөр байна. Ардчилал гэж юу вэ? Ардчилсан болчихвол бүх зүйл сайхан болчих уу? Ардчилал сайн сайхныг авчирдаг уу? Хөгжил, Ардчилал хоёр ямар ялгаатай юм бэ? Ардчилсан орон хөгжилтэй байдаг уу? гэх мэт олон асуултуудыг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Бүгд л ардчилал, эрх чөлөө, шударга ёс гээд орилолдоод, өөрсдийгөө магтан дуулаад л байж байна.

Ардчилсан оронд хүн бүр идэх хоол, өмсөх хувцас, орон байраар хангагдсан, сургууль цэцэрлэгийн боловсрол авах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээ нь баталгаатай байх ёстой. Гэтэл ард түмнийхээ төлөө зүтгэхийн оронд эрх баригчид ардчиллыг хөгжүүлж байна гээд л олон улсын хурал зохион байгуулаад л, хундага тулгаад л сууж байна. Ядуу ард түмэнтэй улс орон ядуу л улс шүү дээ. Монгол оронд ардчилал даана ч урган бойжиж чадалгүй устлаа. Ардчиллын дүр эсгэгчид өөрсдөө ардчиллыг булшиллаа.

Ардчилсан засаглал бол ард түмнийхээ төлөө л байх ёстой тухай ардчиллын онолчид бичсэн байдаг. Харин манай ардчилагчид, ардчиллын дүр эсгэгчид харин ардчилал бол луйварчдын төлөө гэж ойлгодог юм шиг байна. Ар түмнээ өт хорхой шиг харж, тэднийг гуйлгачин, ядуучууд, ядуу байх хувь заяатай хэмээн доромжилж байна. Хулгай хийж чадахгүй учраас ядуу байгаа юм. Чаддаг бол бидэнтэй адилхан хулгай хийгээд ч баян цатгалан амьдарч болно шүү дээ хэмээн тохуурхан сурталчилж байна. Монголд хоёр төрлийн л хүмүүс байна. Нэг талд нь хулгайч, луйварчид, нөгөө талд ядуу ард түмэн.

Өнөөдрийн энэ ардчилал бол замбараагүйтэл. Ардчилагчид бол луйварчид, эх орноосоо урвагчид. 23 жилийн турш замнасан энэхүү ардчилсан нийгэм гэгч бол монгол орныг сүйрүүлэх л зорилготой байсан. Монголын өнгөтэй, өөдтэй бүгдийг хуу хамах цөлмөх бодлого хэрэгжсэн. Монголын ард түмнийг хамгаалж, дэмжин тэтгэх үүрэгтэй төр аль хэдийн устан алга болсон. Монгол төргүй болсон. Харин төрийн нэр барьсан луйварчид төрийг эзэлжээ. Монголчууд хамтаараа нэгэн зорилготой, нэгэн үнэт зүйлтэй байх нийгэм алга болж үүний оронд хүмүүсийн бөөгнөрөл бий болсон. Баялаг бүтээж, ард түмний амьдралыг дээшлүүлэх тустай эдийн засаг устан алга болсон. Цөөн хэдэн төрөөс тэрбумтнууд монгол орны эдийн засгийг эзлэн авсан. Ингээд эдийн засаггүй монгол орон бий болсон.

Өмд, гутлаа ч үйлдвэрлэж чадахгүй болтлоо монгол сульдан доройтчихоод байж том том зүйл ярих нь ичгэвтэр хэрэг. Монголчууд улс төрч нэртэй луйварчдын уран үгэнд ховстуулсаар өнөөдрийг хүрлээ. Нүүрэн дээрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн сайхан үгийг урсгаж, цаагуураа халаасаа л зузаалж, хоорондоо хуйвалдаж, улс орноо худалдсаар байна. Үүнийг анзаарсан Нобелийн шагналт, Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Сү Чи илтгэлдээ "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай" гэж хэлсэн. Энэ хүн яасан үнэн үг хэлээ вэ?

Ёстой голыг нь олж хэлжээ. Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчилагчид бол ардчиллын баг зүүсэн дарангуйлагчид. Тэдэнд улс орныг хөгжүүлэх төсөөлөл байтугай хүсэл ч байхгүй. Тэдэнд өндөр албан тушаалд мөнхрөх хүсэл л бий. Үр удмаараа монголын төрийг зайдагнах шунал бий. Эд хөрөнгө цуглуулж, албан тушаалаа авгайдаа гайхуулах жижигхэн хүсэлтнүүд. Тэдний гараас улс орноо салган авах нь өнөө үеийнхний зорилго болжээ. Ардчилал ардчилал гэж ярьсаар энэ улс орон сүйрлээ. Дэлгүүрт ороход бүх л хүнсний бүтээгдэхүүн нь гадаадаас экспортолсон зүйлс. Монголдоо бид юу үйлдвэрлэж байна вэ? Энэ бол монголчуудын бодит байдал.

Ийм дүр эсгэсэн ардчиллыг үхтэлээ хамагаалаад байх хэрэг байна уу? Өөрчлөн шинэчилж, жинхэнэ ард түмний төлөөх ардчиллыг байгуулах шаардлага тулгарчээ. Энэ ардчилал улс орныг улам л сул дорой, салан задгай байдал руу хөтөлсөөр байна. Улс орныг дампууралд хөтөлсөн нөхдүүд хэзээ ч энэ хямралаас гаргаж чадахгүй. Дүр эсгэсэн ардчилагчид улам л олон болсоор байна.

Төрөөр дүүрэн дүр эсгэсэн арчилагчид чухал царайлан, мэдлэгтэй мэт жүжиглэн сууна. Орой телевизээ нээгээд хараарай "ардчиллын зарчмаар бол ..." гээд л баахан ярьсан нөхдүүд гарна. Тэд л Монгол орныг минь сүйрүүлж байна.  Ард түмэн минь дүр эсгэсэн ардчиллыг цааш нь үргэлжлүүлээд, үхтэлээ хамгаалаад байх хэрэг байна уу.