Улс төр дэх хүчний харьцаа тэнцвэргүй боллоо. Учир юу гэвэл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг ИЗНН болон МҮАН дэмжиж оролцохоо илэрхийлэв.

МҮАН өчигдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж, Ц.Элбэгдоржид итгэж, түүнийг дэмжиж буйгаа мэдэгдсэн бол, ИЗНН-ынхан ч мөн адил АН-д эрх мэдэл, хариуцлагыг үүрүүлээд үр дүнг үзэх нь зөв гэсэн сонголтыг хийлээ. Гэхдээ яагаад Ц.Элбэгдорж, АН гэж. Энэ асуултад хариулахад тун амархан. Нэг ёсондоо эрх баригчийн туг тэдний гарт шилжсэн. Сөрөг хүчний талбайг олон жил эзэгнэсэн АН-ынханд одоо Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд ерөөс эрх мэдэл, мөнгө бүгд байна. Тэгэхээр МҮАН, ИЗНН гэх мэтийн эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтад хавчуулагдаж явдаг “Сэндвичэн” намууд Ц.Элбэгдоржийг дагаж хуйлрах нь аргагүй юм.

Харин МАН-д нөхцөл байдал ямархуу байна вэ. Тэд энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр, С.Баяр, У.Хүрэлсүхгүйгээр оролцоно. Харин дэвжээн дээр Даяар дуурсагдах дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг гаргаж ирлээ. Хамгийн сонирхолтой нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хэн дэмжих вэ. Энэ сэдэв сонирхол татаж байна. Ямартай ч түүнийг Төрийн бус байгууллагууд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАХН-ынхан яах бол. Тус намын зарим эх сурвалжийн хэлснээр, “Сайн ч муу ч улс төрийн хүчин байна даа. Намаасаа нэр дэвшигч тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” хэмээн албан бусаар мэдэгдлээ. Гэхдээ өнөөдөр хуралдах МАХН-ын Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг дэмжих үү, Ц.Элбэгдоржийг уу, аль эсвэл албан ёсоор өрсөлдөх үү гэдэг нь тодорхой болно.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд санхүүжилт, хандив цуглуулдаг уламжлалтай. Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн этгээд 50, иргэн 10 сая төгрөгийн хандив өгөхөөр тогтсон. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд эрх мэдэл, хөрөнгө мөнгө нэгэнт түүн рүү хуйларсан. Монголын эдийн засгийн хөшүүрэг болсон уул уурхайн компаниуд түүнд мөнгө хайрлахгүй хандивлах нь ойлгомжтой. Харин Уул уурхайн компаниуд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй гээд гэдийгээд суучихсан гэнэ. Учир нь Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-д есөн жил суухдаа байгаль орчин, газар усныхаа төлөө дуугарч, уул уурхайн компаниудтай нэлээд үзэлцэж байсан юм. Тодруулбал, Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газaр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн.  Тус хуулийн хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлж, алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоосон гэдэг. Тиймээс уул уурхайн компаниуд урдны өш хонзонгоо санаж, Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Үргэлжлэлийн энд дарж уншина уу