Оюутолгойн ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хуралд өнөөдөр хуралдана. Энэ хурлаар Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто"-гийн төлөөлөгч оролцож хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж тайлбар өгөхөөр төлөвлөсөн гэх.

Гэхдээ төлөөлөгч төслийн хөрөнгө оруулалтыг ямар замаар хийсэн, яагаад анхны зардал өссөн талаар тайлбар өгөх эсэх нь тодорхойгүй  байна. УИХ-ын сонгуулиас хойш Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь хүчтэй болж, олон нийтийн хэлэлцүүлэг, улстөрчдийн мэтгэлцээн өрнөх болсон. Энэ бүгдийн дараа  “Оюутолгой” зэс, алтны төслийг “Рио Тинто” компани түр хугацаанд хойшлуулж магадгүй тухай өнгөрсөн долоо хоногт “Блүмбэрг” мэдээллээ. Тэд Оюутолгойн ордод Монголын эзэмшдэг 34 хувийг өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх ажлыг түр хойшлуулах болсон гэх мэдээлэл нь Монголын төрийг шахаанд оруулсан, рекетэлж байгаа нь ойлгомжтой. Ямар ч шийдвэр, хөрөнгө оруулалтыг Монгол төрийны хараанаас далдуур явуулж ирсэн тэдний хувьд ашиг орлого, эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Африкийн улс орнуудад дураар авирладаг шигээ байж чадахгүй болсондоо ингэж хорсож байгаа гэх зарим мэдээлэл хатуу ч үнэний ортой.

Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсанаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар 6.6 тэрбум ам.доллар босгох шаардлагатай болж, түүнийхээ 4 тэрбум гаруйг нь буюу өнөөг хүртэл оруулсан мөнгөө “Рио Тинто” буцааж авна гэж зүтгэсэн. Энэ үйлдэл нь гадны мөнгө оруулж ирж угаагаад гарч байгаа хэрэг гэхэд болно. Түүнчлэн боловсон дээрэм гэхэд хилсдэхгүй.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар төслийн үйл ажиллагаа үргэлжлээд дуусахад 14.6 тэрбум доллар гарна гэж тооцож байсан ч өнөөдрийн байдлаар манай хөрөнгө оруулагчдын саналаар 24.4 тэрбум ам.доллар төлж байж бүтээн байгуулалт явах болоод байгаа.
Түүгээр ч барахгүй Рио Тинто компани Монголын нэг ч банк санхүүгийнб айгууллагатай ажиллаагүй атлаа гадаадын 20 гаруй санхүүгийн байгууллагатай ажиллаж, зээл өгч, авсан байдаг.

Өнөөдрийн байдлаар Оюутолгой төслийн бүх санхүү, бараа ажил үйлчилгээний төлбөр ямар замаар хаашаа гардаг нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл тус төслийн төлбөр тооцоо Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар огт дамждаггүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд шаардлагатай бол банк санхүүгийн байгууллагад данс нээнэ гэж тодорхой заажээ. Тиймээс энэ гэрээний дагуу дансаа нээж, үйлчилгээгээ эхлэхийг манай улсаас шаардах бүрэн эрхтэй юм. Ийнхүү нүдэнд үзэгдэж харагдалгүй орж гараад байгаа тэр олон тэрбум  ам.долларын хөрөнгө оруулалтын цэвэр эсэхийг хянахад илүүдэхгүй. Ганц ширхэг боолтыг 15 мянган ам.доллараар худалдаж авч байгаа гэх жишээнээс харахад мөнгө угаасан гэхийг ч үгүйсгэхгүй. Ийм хардлага хүссэн хүсээгүй төрнө. Харин үүнд өнөөдрийн Хувь нийлүүлэгчдийн хурал  хариулт өгч чадах уу?