Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгогдсон Ц.Элбэгдорж  дөнгөж сая тангарагаа өргөлөө.Тэрээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлээхээ батлан тангараглаж тангарагийн бичигт гарын үсэг зурж, тамгаа дараад УИХ-ын З.Энхболдод хүлээлгэн өгсөн юм. 

Тангарагаа өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ  "Мөнх хөх тэнгэртээ баярлалаа, ард түмэндээ баярлалаа. Надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Эх орноосоо алсад суугаа ч иргэний эрхээ эдэлж саналаа өгсөн гадаадад байгаа иргэддээ, анх удаа сонгуулиа өгөх эрхээр хангагдаж саналаа өгсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ, надтай хамт нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартаа баярлалаа.

Намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах болно. Байгальд ээлтэй хямд эрчим хүчээр улсаа хангах, өөрсдөө түлшээ гаргана, төмөр замаа шинэчилнэ, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоно, метротой болж хот, сум дахин шинэчлэгдэнэ.

Иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгой анхаарч, үйлдвэр бүтээн байгуулалтыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг шийднэ, баялаг бүтээгчдийг дэмжинэ. Энэ бол амлалт биш, бидний хийх ажил. 

Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна. Монгол улсын иргэдээ баян, ядуу, угсаа гарвалаар нь ялгаварлахгүйгээр дэмжинэ”
хэмээн онцолж хэллээ.