Эдийн засгийн хөгжлийн сайд “фортуна” хэмээх Н.Батбаяр энэ сарын 31-нээс ирэх наймдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон улсад хийх ажлын айлчлалын удирдамжаа батлуулав. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцах, хоёр талын болон яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох тухай албан мэдээлэлд дурдажээ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Фортуна” Засгийн газраас шахалтад орсон учраас Япон улсаас гуйлга гуйхаар одох бололтой. Дэлхийн зах зээл дээрээс “Чингис” бонд арилжаалж, 1.5 тэрбум ам.доллар оруулж ирсэн Засгийн газар бондын мөнгөө тараагаад дууссан учраас ийнхүү Н.Батбаяраар бамбай хийхээр шийдсэн аж. Хамгийн гол нь найман хувийн урт хугацааны зээлээр олгож буй оронсууцны зээлийг сонгууль өнгөрөнгүүт эхлүүлсэн даруй дуусгачих сонирхол Засгийн газарт үгүй билээ. Нөгөө талаар “шинэчлэл”, “их бүтээн байгуулалт” хэмээн амаа цангатал ярьсан нөхдүүд мөнгөгүйн эрхэнд яахаас ч буцахгүй байгаа нь ойлгомжтой. Нүдэнд харагдтал ярьсан бүтээн байгуулалтаа хийчихгүй юм гэхэд 2016 оноос өмнө эхлүүлсэн байх шаардлага яах аргагүй бий. Тиймээс бусдын карт суглан зугтааж, гуйж аргадаж, сүүлдээ уйлж байж Эдийн засгийн хөгжлийн яам гээчийг байгуулан сайдын нэр зүүх болсон Н.Батбаярт ийнхүү тулган шаардалт ирсэн нь мэдээжийн хэрэг. Чи сайд болохдоо юу гэж уйлан дуулж байлаа. Одоо л хэргээ гарга хэмээн шахалт өгсөн болов уу. Юутай ч “фортуна” Япон улс уруу бадар барих нь зүйн хэрэг бөгөөд чухам юугаа амлаж байж мөнгө олж ирэхийг нь харж л сууя. Дэлхийн аливаа улс орон захын нэг төрийн нэр барьсан нөхөрт их хэмжээний мөнгө өгөхгүй. Тэгэхээр Н.Батбаяр ямар нэгэн зүйл амлаж байж л мөнгө авч таарна. Бид юу амлаж байж мөнгө авах вэ гэдэг нь өөрөө маш ойлгомжтой асуудал. Бидэнд асар их байгалийн баялаг бий. Түүнээсээ л амлахаас өөр яах билээ. Дашрамд дурдахад “шинэчлэгчид” үлдсэн гурван жил хүрэхгүй хугацаанд тал тал тийшээ бадар барин амь зуухаас өөр арга байхгүй. Засгийн газрын гадаад харилцаа туйлын муу байгаагаас харахад орд газруудаа ломбарданд тавихаас өөр аргагүй байдалд хүрэх нь дамжиггүй.