“Монгол нүүрс”-ийг дэлхийн тавцанд сойх “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголд нүүрсээр овоглосон ганцхан арга хэмжээ болдог нь “Coal Mongolia”.

Энэхүү арга хэмжээг уул уурхайн салбарынхан төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээдэг болсон. Үүний баталгаа болж 10 гаруй орны 700 орчим төлөөлөгч нэгэн дор чуулж буй.

Төв Азийн Монгол нутагт зохион байгуулагддаг нүүрсний “их хуралдай” гурван жилийн ойтойгоо золгож байгаа нь энэ. “Монгол нүүрс”-ийг брэнд болгох ашигтай санал, бизнесийн шийдлээ хөрөнгө оруулагчид уралдуулахын сацуу төрийн бодлогыг шимтэн сонсохоор ирдэг гэхэд хилсдэхгүй болов уу. 173.3 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй Монголд саатаж буй гаднын хөрөнгө оруулагчид зөвхөн ирээдүйд л итгэж ирсэн гэх. Тэдний хувьд Монголын нүүрсний зах зээл “шинэ тив” мэт содон тусжээ. Тэгвэл “Монгол нүүрс”-ний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Үүнд л хариулт олох нь чуулга уулзалтын мөн чанар.

Шинэ шийдэл бүхнийг дэмжинэ

Д.Ганхуяг /Уул уурхайн сайд/

-Нүүрсний нөөц баялгийг Монгол Улсын эдийн засгийн бүсүүдэд хувааж, тухайн бүс нутгийн болон нүүрсний шинж чанараас хамааруулан уг нөөцийг хэзээ, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахыг аж ахуйн нэгжүүдтэй ярилцан тодорхойлж байна. Нүүрснээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор байгалийн шатдаг хийтэй адил түвшний чанартай хийн үйлдвэрийг хөгжүүлж, эрчим хүчний түлшний хэрэгцээгээ хангах боломжтой. Нүүрсний ордуудын ашиглалтаас ирэх нийт орлогын тодорхой хувийг улсын хэмжээнд нүүрсний геологийн судалгааны ажилд зориулж, улсын нүүрсний нөөцийг өсгөн нэмэгдүүлэх бодлого баримтална.

Нүүрсний салбар нь Монгол Улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбарын нэг. Улсын эдийн засгийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой. Тиймээс нүүрсний салбарыг хөгжүүлэхэд бүхий л шинэ шийдлүүдийг дэмжинэ. Тухайлбал, шинэ техник, технологи, менежмент, маркетинг, хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллана. Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх, худалдан авалтад өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрс” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд хор нөлөө багатай технологи бүхнийг дэмжинэ.

Манай нүүрсний чанар дэлхийн хаана ч гологдохгүй

Б.Алтсүх /Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга/

-Нүүрс бусад ашигт малтмалаас ихээхэн онцлогтой. Алт, зэс гэхэд овор багатай, үнэ өндөртэй байдаг бол нүүрсний хувьд овор хэмжээ ихтэй, их талбайг хамардаг. Хүнд даацын хүчин чадалтай техник, технологи ашиглах учраас үүнийгээ дагаад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ч өндөр. Түүнчлэн өндөр хүчин чадалтай техник технологи шаардагдах учраас хөрөнгө оруулалт маш их ордог. Гэтэл нүүрсний нэгжид ногдох үнэ бусад ашигт малтмалаас харьцангуй бага байх жишээтэй. Энэ байдал нь эдийн засгийн хувьд ашигтай бус. Маш их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, дэд бүтэц шаардаж байдаг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 140 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна. Нийт хүчин чадлыг нь базаад хэлэхэд 100-гаас дээш сая тонн нүүрс олборлох чадамжтай. Гэтэл бидний гаргаж буй зах зээлийг судалгаагаар үзэхэд 2025 он хүртэл жилд 60-70 сая тонн нүүрс гаргахаар байна. Өнгөрсөн онд 20 орчим сая тонн нүүрс экспортлосон. Энэ жилийн хувь 30 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна.

100 сая тонн нүүрс экспортод гаргах хүчин чадалтай хэрнээ дөнгөж л 30 сая тонныг зах зээлд хүргэлээ гэхэд цаана нь 70 орчим сая тонн нүүрсний илүүдэл үүсч байна. Үлдэж буй 70 сая тонн нүүрсний зах зээл бүрхэг. Энэ нь нүүрсний хөрөнгө оруулалт үр ашиггүй болох, зах зээл сөргөөр нөлөөлөх, цаашилбал, улсын нэр хүнд унах, нийт эдийн засагт үзүүлэх нүүрсний нөлөө буурахад хүргэж мэдэхээр байна. Тиймээс эдийн засгийн үр ашигтай байдалд хувиргах шаардлагатай байна. Нүүрсний чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ гүн боловсруулалт хийх ёстой. Энэ тохиолдолд нүүрсний үнэ өсөх, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нь бүрдэх юм. Манай нүүрсний чанар дэлхийн хаана ч гологдохгүй.

“Нүүрс” хөтөлбөр боловсруулж байна

Г.Батхүү /Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

-Монголын эдийн засагт голлох түүхий эдээр нүүрс тодорч байна. Зөвхөн эдийн засагт голлоод зогсохгүй төсвийн орлогод нөлөөлөх хэмжээний салбар болон тэлжээ. Тиймээс яамны зүгээс нүүрсний салбарт онцгой анхаарч байгаа. Үүний хүрээнд “Нүүрс” хөтөлбөрийг боловсруулж байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг нь тэлэх, боловсруулах чиглэлд төрөөс бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Манай улсын хувьд ганцхан худалдан авагчтай. Нэг бус нэлээн хэдэн худалдан авагчтай болох зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох шаардлага үүсч байна. Нүүрсээ гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх, боомтоор дамжуулан бусад зах зээлд зарах шийдлийг төр болон хувийн хэвшил судалж байгаа.

Нүүрсний хэрэгцээтэй буй Япон, Өмнөд Солонгос болон Европын орнуудад нийлүүлэх бодлогыг баримталж байна. Энэ чиглэлээр манай хувийн хэвшилд тодорхой ахиц дэвшил гарч байна. Нүүрсний угааж баяжуулах үйлдвэр эхнээсээ бий болж эхэллээ. Цаашлаад нүүрс химийн үйлдвэрлэлийг Монголдоо байгуулах чиглэлд төрөөс анхаарч байгаа. Монгол нүүрс Австралийн нүүрстэй өрсөлдөх хэмжээний ажлыг туршиж байна. Нүүрсээ ахин боловсруулаад кокс хэлбэрээр экспортод гаргавал өрсөлдөх чадвар бий болно. Эцсийн хэрэглэгчдэд хүрч буй нүүрсний боловсруулалт сайн байснаар Монгол нүүрс үнэд хүрэн боломжтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах цаг болжээ

Д.Галсандорж /Монголын экспортлогчдын холбооны тэргүүн/

-Төрийн зүгээс тухайн салбарт хэрэгжүүлэх бодлогын асуудлыг авч хэлэлцэж байна. Уул уурхай, байгаль орчин, тээвэр гээд хөрөнгө оруулагч болон дотоодын оролцогчдод чиглэл өгсөн, баримжаа болохоор асуудлыг өнөө жилийн чуулга уулзалт хөндөж байна. Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлыг хөрөнгө оруулагчид ажиж байгаа шүү дээ. Хууль, эрх зүйн орчин, төрийн бодлого нь хэрхэн цаашаа хөгжих гэж байгааг хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхий нийт харж байна. Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Энэ онд нүүрсний экспорт өнгөрсөн онтой харьцуулахад өсөлт бага байлаа.

Манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, жоншны хэрэглээ гол худалдан авагч Хятадын зах зээлд унасан. Мөн дэлхийн зах зээлийн өсөлт саарсан. Ялангуяа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, аж үйлдвэрийн салбарын хэрэглээ багасантай холбоотой. Нүүрс, төмрийн хүдрийн үнийг өнгөрсөн оны эхний байдалтай харьцуулахад энэ онд өсөх хандлагатай байна. Нүүрсний салбар гэлтгүй уул уурхайн салбарт төрийн оролцоо аль болох бага байх хэрэгтэй. Гэхдээ төрийн бодлого тодорхой, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх учиртай. Нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхээр Уул уурхайн яамнаас анхаарч байгаа ч тооны хойноос хөөсөн бодлогын арга хэмжээ авах төлөвтэй байна. Манай нүүрсний худалдаа орон нутгийн шинж чанартай.

Нэг орноос нэг зах зээлд гарч буй нүүрс адилхан үнээр худалдагдах ёстой. Гэтэл харилцан адилгүй үнээр нүүрсээ борлуулж байна. Тухайн нүүрсний чанар адилхан байхад олон улсын зах зээлд өөр, өөр үнээр гаргаж болохгүй. Энэ тохиолдолд манай нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, арилжааг хийх бирж байгуулах цаг болсон. Уул уурхайн яамнаас бирж байгуулах хуулийн төслийг болосвруулах ажил эхлэх гэж байгаа юм байна лээ. Нүүрсний чанарын стандартыг тогтоох шаардлагатай.

Нүүрсний өрсөлдөх чадварт тээвэрлэлт сөргөөр нөлөөлж байна

Т.Наран /Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал/

-БНХАУ зургаан тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй. Үүний 3.2 тэрбум тонныг өөрсдөө олборлож, хэрэгцээгээ хангаж байна. Манайх өнгөрсөн онд 19 сая тонн нүүрсийг урд хөршдөө нийлүүллээ. Далайд дусал байгаа биз. “Манай нүүрсийг аваач гэж Хятадыг гуйж байгаа улс дэлхийгээр нэг байна. Тиймээс Монгол Улс нүүрснийхээ үнийг өсгөх гэж байгаа бол биднийг битгий муу хэл. Харин нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүл. Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж буй бусад улсуудтай Монголын нүүрс өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй” гэж БНХАУ-ын манайд суугаа Элчин сайд оны өмнө мэдэгдэж байсан. Засгийн газраас энэ онд 34 сая тонн нүүрс гаргаж экспортлохоор төлөвлөсөн. Өнгөрсөн онд 30 сая гэж төлөвлөөд төсвийн тодотгол хийж 20 сая тонныг гаргахаас 19 сая тонныг урд хөршдөө нийлүүллээ.

Хятадын зах зээлд нүүрсний үнэ өслөө гэхэд үүнээс илүү их хэмжээний нүүрсийг бид нийлүүлж чадах уу. Одоогийн хүчин чадлаар бол чадахгүй. Гадаад зах зээлд нүүрсээ хүргэх дэд бүтэц алга. Бид Австрали, АНУ, ОХУ-тай нүүрсний зах зээлд өрсөлдөх гэж байна. Манайх газарзүйн хувьд БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх давуу боловч авто замаар бага хэмжээний нүүрсийг л тээвэрлэнэ. Энэ нь нүүрсний өрсөлдөх чадварыг сааруулж байна. Нүүрснээс янз бүрийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж болно. Үүнийг хэн авах вэ. Худалдан авах эзэн нь тодорхой байна уу. Манайхан нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгочихвол үнэ өснө гэдэг. Гэтэл хэрэглэгч нь тодроогүй, зах зээл нь ойлгомжгүй байна. Тиймээс нүүрсээ гүн боловсруулаад өндөр үнээр зарна гэдэг өрөөсгөл ойлголт. Нүүрсний үйлдвэрлэл өөрөө байгаль орчинд ихээхэн халтай.

Нүүрсний салбарын мастер төлөвлөгөөний судалгааг хийж байна. Манайх нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд байгалийн баялаг ихтэй боловч үүнийгээ хэрхэн яаж ашиглах нь нэгдмэл биш. Хүн бүхэн өөрийнхөөрөө ярьж байна шүү дээ. Цул ойлголт, төрийн шулуун бодлого алга. Нүүрсээ түүхий эд хэлбэрээр нь ашиглах уу. Аль эсвэл аж үйлдвэрт боловсруулах уу. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авах зах зээл нь зөвхөн БНХАУ юм уу. Их хэмжээний зардлаар бүтээгдэхүүн гаргалаа гэхэд урд хөршид тухайн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байх юм уу. Үнэ хэд байх вэ гээд асуудал бий. Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө гарснаар дээрх асуудал тодорхой болно. Ямар ч ажлыг төлөвлөж, тооцож судалж байж амжилт олно.

 

Б.Баяртогтох