“Яндаж болшгүй далай шиг яасан баян улс вэ?” хэмээн дуулж энэ их баялгийн эзэн нь болж төрсөн Монголчууд бид яасан ч их азтай юм бэ дээ гэж бахархаж, баярлаж явсан цаг саяхан.
Харамсалтай нь энэ их баялгаас монголчууд бидэнд юу ч оногдохгүй болжээ. Үүнийг манайхан сайн ойлгохгүй л байх шиг байна. Эрх баригчид ч үүнийг ойлгуулахыг хүсэхгүй хууран мэхлэж, зальдаж, тархи толгойг нь эргүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна даа.
 
Олон ч хүн наадах чинь ашиггүй шүү хэмээн сануулсаар өдийг хүрлээ. Оюу Толгойн гэрээг өөрчилнө гэсэн мөрийн хөтөлбөртэй намууд ч өнөөдөр таг дуугүй сууж байгааг юу гэж ойлгох вэ? Саяхан УИХ, ЗГ, Ерөнхийлөгч хамтраад Оюу Толгойн талаар баахан ярьцгаасан. Үүний дараа төрийнхөн нь ойлголцлоо нэгтгэж, нэг талдаа гарлаа гэсний цаад утга нь шинэ гишүүддээ бид ингэж тохирч гэрээ хийсэн шүү “битгий дэмий юм яриад байгаарай” гэсний л сануулга болов уу? Оюу Толгойн гэрээг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэдгээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удаа дараа мэдэгдэж байсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ч өөрчлөх шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн.
 
Монголчууд 2019 оноос ашгаа хүртэнэ гэж байсан бол одоо 2031 он болсон. Цаашдаа хэрхэн хугацаа нь сунгагдахыг хэн ч мэдэхгүй. Эрх баригчдад найдах арга даана ч алга. Бүгд худалчид. УИХ-ын 76 худалч дээр нь ерөнхийлөгчтэйгөө нийлээд 77 худалч. Худалч дээр нь бус хулгайч гэж бодохоор үнэхээр уур хүрч байна. Ард түмнийхээ тархийг хэвлэлээр сайн угааж байна даа. Гоё сайхан бүтээн байгуулалт хийж, монгол улс удахгүй сайхан хөгжинө гэх үлгэрийг давтсаар л байна. Эцсийн эцэст Оюу Толгойгоос орж ирэх 34 хувь ард түмэнд биш цөөн тооны халаасанд л орох нь тодорхой. Өнөөдөр техник технологи өндөр хөгжчихсөн учраас аливаа уурхайг хуучин шиг 60 эсвэл 100 жилээр сунжруулан ашиглахгүй.
 
Техник, технологийн хүчээр богино хугацаанд бүх баялгийг нь хуу хамах бололцоотой гэдгийг одоо монголчууд нэгэн дуугаар ойлгох хэрэгтэй. Хоосон найдаж, горьдоод суугаад байвал жинхнээсээ “юу ч үгүй” хоцроно. Та бүхэнд дараах бичлэгүүдийг үзээд хэрхэн яаж Оюу Толгойг ухаж ашиглахыг үзээрэй.Үүний дараа 2031 он гэхэд Монголчууд бидэнд юу үлдэхийг бас нэг бодоод үзээрэй.