Залуучуудын орон гэдгээрээ манай улс онцлог. Тэд үр бүтээлтэй ажилтан, ажил олгогч, хэрэглэгч гээд нийгмийн үнэ цэнэтэй эд эс тул эх орныхоо хөгжилд төдий чинээ хувь нэмэр оруулахыг мөрөөддөггүй залуу хүн ховор. 

Гэвч нийгэм, эдийн засаг, цаашлаад хөдөлмөрийн орчинд алхам тутамдаа нүүр тулдаг тодорхой бус олон зүйл залуу хүний тэрхүү хүслийг харанхуйлдаг. Тиймээс эдийн засгийн хамгийн идэвхтэй насан дээрээ ирээдүйн орлогын баталгаагаа хангаж чадахгүй байх явдал манай улсад түгээмэл байна.

Манай улсын 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 59.5 хувь буюу 1262 мянга нь эдийн засгийн идэвхтэй хэсэгт тооцогддог. Үүнээс 25- 35 насныхныг хөдөлмөрийн хамгийн идэвхтэй үе гэж үздэг. Дийлэнх нь энэ насандаа салбартаа өсөж дэвжин, нийгэмд байр сууриа эзэлж, ирээдүйн орлогын баталгаагаа хангадаг. Харамсалтай нь, ид үеийнхний идэвх ажилгүй болон ажил хайгчдын дунд ч хамгийн өндөр байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалын хэлж буйгаар 25-35 нас бол ажиллах хамгийн идэвхтэй үе.

Ажилгүй, ажил хайж буй иргэдийн дийлэнх нь 24-35 насныхан

Энэ хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрах юм бол цаашид хэчнээн ажилласан ч хангалттай хуримтлал бий болгох боломж хомс. Тийм болохоор бага тэтгэвэр авах эрсдэлтэй аж.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 33 мянга гаруй ажилгүй иргэн байна. Үүний 40.3 хувь буюу 13315 хүн дээр дурдсан ажил хөдөлмөрийн оргил үеийнхэн. Ажил хайж буй иргэдийн 39.5 хувь ч тэд нарт хамаарах аж. Энэхүү харамсалтай тохиолдлыг 25-34 наснаас дээшээ, доошоо таван насаар уртасгаж үзвэл тэд өнөөдөр тэтгэвэрийн орлогын баталгаа хамгийн султай нийгмийн бүлэг болж хувирна.

Энэ бүхнийг эдийн засгийн уналттай зэрэгцэн гарч ирсэн үзэгдэл гэж бодож байвал эндүүрэл. Ажилгүйдэл залуучуудын дунд нэмэгдэж, ахмадууд ахиу ажиллах болсон үеийг 2000 оноос хойш тооцсон судалгаа бий. 2000-2008 онд 16-30 насныхны ажил эрхлэлт жигд буурчээ. Тэгвэл ажилгүй иргэдийг нэгдсэн бүртгэлд хамруулж эхэлсэн 2009 оноос хойших нөхцөл байдал үүнээс ч долоон дор. Эдгээр тоон мэдээллээс харахад манай улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гэж байдаг бол тэр нь олигтой хэрэгждэггүй, үе үеийн засаг дамжин даамжирдаг нь илт.

ХЭЛМЭГДЭЖ ДУУСДАГГҮЙ АХМАД ҮЕИЙНХЭН

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсөвт тодотгол оруулж, тэтгэвэрт гаргах насыг уртасгасан. Гэхдээ энэ шийдвэр 50-60 насныхны гомдол, бухимдлыг төрүүлэхээс бус нөхцөл байдлыг дээрдүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх, хамрагдалтыг нэмэгдүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны жилийн эцсийн мэдээгээр манай улс 1028 мянга гаруй даатгуулагчтай. Гэтэл үүний 7.1 хувийг л 55-аас дээш насныхан эзэлж байна. Уг нь 2025 оноос монгол хүний дундаж насжилт зургаан жилээр уртсах төсөөллийг НҮБ-ын Хүн амын хэлтсээс гаргажээ. Тэр болтол иргэдийнхээ сэтгэл зүйг бэлтгэх хугацаа хангалттай байв.

Ер нь улс орнууд энэ мэт хүн ам зүйн бодлоготой холбоотой аливаа шийдвэр, өөрчлөлтөд маш болгоомжтой, нухацтай ханддаг аж. Тухайлбал, Япон улс хүн амын дундаж наслалт уртассантай уялдуулан тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр нэмэх хуулийг 1994 онд баталж байв. Гэхдээ хэрэгжилтийг нь 2001 онд эрэгтэйчүүдээс эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн нас нэмэгдсэн гэдгийг нь ойлгуулахын тулд иргэдийнхээ сэтгэл зүйг долоон жил бэлджээ. Харин эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг бэлдэхэд 12 жил зарцуулсан байна. Мөн Герман улс тэтгэврийн насыг 65-аас 67 болгож нэмсэн хуулиа таван жилийн дараа хэрэгжүүлж эхэлсэн байдаг. АНУ бол 20 жил бэлтгэх төлөвлөгөөтэй бөгөөд 2028 оноос хэрэгжүүлэх товтой талаар ЖАЙКА-гаас манай улсад хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү http:// japannews.mn/ цахим хуудаст ярьжээ.

60 насандаа тэтгэвэрт гарна гэж төлөвлөсөн 50-аад насныханд ажиллах хугацаа гэнэт таван жилээр нэмэгдсэнээр амьдралд нь сөрөг нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Хүн бүр тэтгэвэрт гардаг учраас бүх насныханд шударга хандахын тулд нарийн зохицуулалт шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Харамсалтай нь, өнөөгийн 50-60 насныхны нийгэмдээ гүйцэтгэх үүрэг нь дуусаагүй бололтой. Энэ бүхнийг дурдаж буй учир нь ахмад үеийнхий үүргийг залуучууд үргэлжлүүлэх учиртай нь хэнд ч ойлгомжтой хэрэг. Гэтэл үндэслэл муутай, яаруу гаргасан шийдвэрийн улмаас залуус нь бойжиж дуусаагүй, ахимаг насныхан нь нийгэмдээ өртэй мэт алхаж явна.

УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙГЭЭР ЗААВАЛ ДААТГУУЛЬЯ

Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу эдийн засгийн идэвхтэй нас 15-аас эхэлдэг. Энэ үеийнхнийг ажлын байраар хангаж, даатгалд хамруулах нь 50 жилийн дараа ч ядуурал, тэгш бус байдлын эсрэг сэтгэл тэнэгэр зогсох нэг алхам. Гэхдээ залуучуудын ажилгүйдлийг бууруулах нь цаг хугацаа шаардсан ажил тул нийгмийн баталгаа эрт хангагдахгүй. Тиймээс бусад улс орон уян хатан нөхцөлийг даатгалын хуулиндаа тусгаж өгдөг байна. Сурч боловсрох, орлогын тогтвортой бус байдлыг нь харгалзан үзэж, улмаар залуучуудын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах, боломжтой үедээ нөхөн төлөх боломжоор хангадаг аж.

Ид насандаа шимтгэлээ сайн төлөхгүй бол бага тэтгэвэр авах эрсдэлтэй

Хөгжиж байгаа болон хөгжингүй улс оронд хөдөлмөрийн хамгийн оргил үеийнхний хүрээг тэлэхээр 25-аас доош насныханд анхаарал, бодлогоо чиглүүлдэг. Гэтэл Монголд 35 хүрч байж сая нэг насанд хүрсэн хүний тоонд орох гээд байх шиг. Манайд ажилгүй иргэдийн 40 орчим хувийг 25-34 насныхан эзэлж буй нь хөгжингүй орнуудын дунджаас 10 дахин сул үзүүлэлт юм.

  • Энэ насныхан тэтгэвэрийн орлогын баталгаа хамгийн султай нийгмийн бүлэг болж хувирна.
  • Сурч боловсрох, орлогын тогтвортой бус байдлыг нь харгалзан үзэж, улмаар залуучуудын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах, боломжтой үедээ нөхөн төлөх боломжоор хангадаг.
  • Манайд ажилгүй иргэдийн 40 орчим хувийг 25-34 насныхан эзэлж буй нь хөгжингүй орнуудын дунджаас 10 дахин сул үзүүлэлт.

Даатгалын санд өндөр шимтгэл хуримтлуулж, нийгмийн бүхий л түвшинд харилцаж, санхүүгийн голлох хэрэглэгч байх учиртай 25-34 насныхан өнөөдөр аав, ээж нь орхиод явсан дурандаа өсөж буй хүүхэд аятай л явна. Энэ нийтлэлийг улам лавшруулахаар ажилгүйдлийн тэтгэмж ямар насныхан голдуу авч буй талаарх мэдээллийг эрж сурсан боловч салбарын яамны асуудал хариуцсан хэлтсийн дарга нь өөдөөс “Ийм тооцоо хийгээд үзэх хэрэгтэй юм байна шүү” хэмээн хэлж суух. Ийнхүү манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийн уялдаа холбоо сул байгааг нэг л баримт, өчүүхэн сэжим илтгэж буй.

Төрийн бодлого тогтвортой, нийгмийн хуваарилалт шударга байвал залуучууд, ахмадуудын хөдөлмөр эрхлэх нөхцөл аяндаа бүрдэх учиртай. Гэвч, хоёр нийгэмд үүргээ хангалттай гүйцэтгэсэн 50-60 насныхан бухимдаж, ид хийж бүтээх насандаа лааз өшиглөгчдийн эгнээг зузаатгаж яваа залуучууд ирээдүйн орлогынхоо баталгааг хангахад дэндүү балчирдаж байна уу даа.  

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ