Шанхайн гаалийн албан хаагчид бүхлээрээ кокаинаар хийгдсэн хоёр чемоданыг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг оролдсон эмэгтэйг баривчилжээ.

Шанхайн нисэх онгоцны буудлын ажилчид Өмнөд Америкийн нэгэн улсаас зорчиж буй эмэгтэйн тээшийг рентген туяанд шалгах явцдаатүүний тээш бусад тээшнүүдээс арай бараан өнгөтэй байгааг анзаарчээ.Рентген туяанд бусдаасаа онцгойрч харагдахаас гадна доторх нь хоосон атлаа хүнд байсан аж.

Ингээд түүний тээшийг нарийвчлан шалгахад чемодан нь 10 кг гаруй кокаинаар хийгдсэн болохыг тогтоосон байна.

Энэхүү хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан ч цагдаагийн газраас энэ талаар одоо л мэдээлж байгаа аж.

Кокаиныг хөлний гипсний оронд ашиглаж, дарсанд уусгах зэргээр хар тамхины наймаачид кокаиныг хилээр нэвтрүүлэх олон арга хэрэглэж байсан түүхтэй.

Ихэнхдээ хар тамхийг биедээ эсвэл тээшиндээ хийж оруулахыг завддаг ч хатууруулж, нягтаршуулсан кокаинаар чемодан хийж, түүнийгээ хилийн шалган нэвтрүүлэх албаныхны нүдэнд ил дэлгэн үзүүлсэн тохиолдолд урьд нь гарч байгаагүй аж.

Эмэгтэйг тээшээ онгойлгож, доторхийг нь үзүүлэхийг шаардахад дотор нь сэжиг бүхий зүйл харагдаагүй бөгөөд чемодан бараг л хоосон байсан аж. Гэсэн хэдий ч чемодан хоосон атлаа маш хүнд байсан нь гаалийн байцаагчдын сэжгийг төрүүлжээ.

Европт хар тамхины наймаачид кокаиныг хатууруулж, нягтаршуулахын тулд цавуу, хэв зэргийг ашиглаж байсан тохиолдлууд бүртгэгдэж байжээ.

Кокаины олдоц БНХАУ-д маш ховор байдаг ба 50 гр-аас их хэмжээний кокаин хилээр оруулахыг завдсан хүнд Хятадын хуулиар цаазаар авах ял оноодог юм.

Гаалийн ажилчдын анхааралтай ажилласны хүчинд ийм аргаар хилээр хар тамхи нэвтрүүлэхийг оролдсон тохиолдол Хятадад анх удаагаа бүртгэгдэж байгаа ч өмнө нь ийм аргаар Хятад руу кокаин авч орсныг анзаараагүй өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй юм.