Өнгөрөгч долоо хоногийн мягмар гариг буюу 6-р сарын 6-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран гол судасны дотуурх хаалттай хагалгааг амжилттай хийжээ.

Энэхүү хагалгааг өмнө нь нээлттэй хэлбэрээр буюу өвчтөний хэвлийн тус газарт зүсэлт хийж олон цагийн унтуулга наркозтойгоор хийдэг байжээ. Түүнчлэн нээлттэй хагалгаанд орсон өвчтөний амь насанд учрах эрсдэл өндөр байдаг ба, хагалгааны дараах эдгэрэлт харьцангуй удаан байсан аж. Харин энэхүү хагалгааг судсан дотуур хаалттай аргаар хийснээр өвчтөнд цус сэлбэх, зүсэлт хийх шаардлагагүй бөгөөд өвчтөний амь насанд учрах эрслдэл нээлттэй хагалгаанаас маш бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсад гол судасны хатуурал, цүлхэн үүсэх, мурийх зэрэг судасны эмгэг өвчлөлүүд түгээмэл тохиолддог ба хүндэрсэн нөхцөлд заавал мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг аж. Гол судсанд хиймэл судас орлуулах мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын тоонд орох ба төрөөс өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийн 75 хүртэлх хувийг даах болсноор өвчтөнүүдэд маш их тус дэм болж байгааг өвчтөн С.Лхамжав хэлж байна. Тэрээр “ “Эмээ нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоноос ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд аймаг дээрээ шинжилгээ хийлгээд, эхо-д харуултал “Судас өргөссөн байна, та хот руу яв” гэж зөвлөсөн. Би ч ийм хүнд зүйл гэж мэдээгүй явсан. Ирэнгүүтээ судасны Лхагвасүрэн эмчид үзүүлээд, шинжилгээ өгч зураг авахуултал, эмч нар маань сандралдаад эхэлсэн. Танд хагалгаа хийж болно, амь нас аврах боломжтой юм байна гээд хагалгаандаа бэлдэж эхэллээ. Гэтэл энэ хагалгааг хийхэд зөвхөн надад тааруулж гадаадаас хиймэл судас авч ирүүлдэг юм байна. Ингээд байж байтал "Чоногол" гээд компанийн нэр дуулдаад очоод уулзтал, тендер авсан компани нь юм байна. Мэс засалд юу л хэрэгтэй, түүнийг гадаадаас захиж авч ирэхээр болсон. Ингээд хагалгааны нийт төлбөр мөнгө нь 75 сая төгрөг болсон. Харин улс гэдэг их буянтай сайхан юм аа. Төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөөд 25 сая төгрөг болгож хямдруулдаг юм байна. Ингээд хагалгаандаа ороод гарлаа.

Манай эмч, эмнэлгийн ажилтнууд ямар сайхан чавдартай байдаг юм бэ. Хүний төлөө ямар сайхан үйл хийдэг юм бэ гээд баярлаж сууна. Энэ дашрамд, Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн хамт олон, хагалгаа хийсэн Лхагвасүрэн, Мөнгөн-Өлзий тэргүүтэй эмч нартаа, БНХАУ-аас эмч урьж авч ирсэн "Чоногол" компанийн захирал Ө.Байгалмаа болон тус дэм болсон шавь нартаа бүгдэд нь маш их талархаж, баярлаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.