Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны хүн амын ундны ус авдаг 5 цэгээс Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан Хөвсгөл нуурын усны 2 дээжинд E-coli нян илэрсэн байна.  
E-coli нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг гэнэ. Тус нян нь хүний өтгөнд байдаг бөгөөд  цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтанд авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгл тосгоны захирагчид хүргүүлжээ.
Энэ нь Монгол Улсын Байгаль орчны, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хамтарсан тушаалаар баталсан "Гадаргын усны цэврийн зэргийн ангилалын норм"-ын бактери судлалын үзүүлэлтүүдэд заасан "нян байх ёсгүй" гэсэн заалтын шаардлага хангахгүй байна гэж Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзэж байгаа ажээ.

Б.Гантуяа

Хөвсгөл /МОНЦАМЭ/