Төмөр утас, эрэг боолт, арматур, гөлмөн төмөр. Бидний амин чухал амьдралын хэрэгцээ болж буй металл. Эдгээр түүхий эдээр монголчууд байшин барьж, хашаа хатгаж, орон сууц сүндэрлүүлж байна.

Тиймээс нүдний гэм болсон төмөр хаана ч үзэгдэхээ больсон. Өөрөөр хэлбэл, төмөр үнэд орж, түүний эрин цаг Монголд ирлээ. Бид үйлдвэрлэгч бус хэрэглэгч учраас төмөр ховордох нь аргагүй. Боловсруулагч бус олборлогч болохоор үнэд орох нь зах зээлийн хууль. Эрэлт үүссэн тул төмөр утас, хадаас үнэтэй байх нь дамжиггүй. 2010 онд дэлхийн ган үйлдвэрлэл 1.4 тэрбум тоннд хүрсэн. Энэхүү өсөлт 2050 он хүртэл үргэлжлэх бөгөөд гангийн хэрэгцээ цаашид өсөх хандлагатай байна. Монгол Улс чамлахаар чанга атгах нөөцтэй ч хэзээ үр ашиг хүртэх нь бүрхэг.

Боловсруулах үйлдвэрийн сураг

Гангийн ганц сайхан үйлдвэртэй болъё. Монгол хүн бүрийн мөрөөдлийн нэг хэсэг нь энэ үйлдвэр байгаасай. Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь үндэсний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад зах зээлд хүрдэг байвал тун догь. “Монголчууд жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай ширэм, гангийн үйлдвэр барилаа гэхэд 1.2 сая тонн коксжсон нүүрс хэрэгтэй. Үүнийг Тавантолгойгоос авна. Бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой” гэж Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Баяраахүү “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний хэлснээр “Шинээр барьж байгаа орон сууцанд хэрэглэдэг арматурын үнэ хамгийн багадаа 20 хувиар буурна. Яагаад гэвэл тээврийн болон бусад олон төрлийн зардалгүйгээр дотоодоосоо авчихна. Өртөг нь Хятадынхаас хамаагүй багасна.Тэгэхээр байрны үнэ шууд буух ёстой. Үүнээс гадна, Монголд нэмүү өртөг бий болно. Зөвхөн гангийн үйлдвэрт гэхэд 1200 ажлын байр бий болно” гэжээ.Сайхан л сонсогдож байна. Гэвч гангийн үйлдвэртэй болох гэсээр байтал төмрийн хүдрийн нөөцөө манайх шавхаж мэдэх нь. Тиймээс байгаа нөөцөө хямгадах цаг болж.

Төмөрлөгийн үйлдвэрлэлд бий болсон нэг ажлын байр араасаа таван ажлын байр дагуулдаг гэсэн зарчим бий. Хэрэв гангийн үйлдвэрээ сүндэрлүүлж чадвал ажилгүйдэл тодорхой хувиар буурах нь мэдээж. Төмрийн хүдэр олборлогч 10 компани “Монгол ган нэгдэл” хувьцаат компанийг байгуулсан. Тэдний чин хүсэл нь боловсруулах үйлдвэр барих гэсэн. Гэхдээ тэднээс түрүүлж төр алхам хийе. Төмрийн хүдэрт өөрийн гэсэн бодлоготой болъё. Монголын гангийн хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж буй. Манайх ган бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг нөхөхийн тулд БНХАУ, ОХУ-аас импортолж байна.

Экспортын татварыг төр эргэн саналаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төмрийн хүдэрт экспортын татвар тогтоох хууль эрхзүйн орчны асуудлыг судалж байна” хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч төмрийн хүдэр экспортын “0” татвартай гарсаар. Австрали, Бразил, Энэтхэг гангийн хэд хэдэн үйлдвэртэй. Тэд урд хөршид хэдэн зуун сая тонноор нь төмөр нийлүүлж байна. Тэд боловсруулж, бид түүхийгээр нь зөөж байгаагаараа ялгаатай. Энэтхэг төмрийн хүдэртээ экспортын татвар тогтоож, түүнийгээ жил бүр нэмэх болсон. Харин Монголд экспортын татвар гэж байдаггүй. Тиймээс боловсруулах бус түүхийгээр нь зөөх нь олборлогч компаниудад үлэмж ашигтай гэсэн үг. Бразил төмрийн хүдрээ нойтон аргаар боловсруулж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж байна.

Боловсруулж, нэмүү өртөг шингээхийн хэрээр Бразил биднээс илүү ашиг хожиж буй. “Одоогийн байдлаар манайх төмрийн хүдрээ түүхийгээр 65 ам.доллараар өгч байгаа. Хэрвээ нойтон аргаар баяжуулж экспортолбол 65 ам.доллар маань тонн тутамд 100 ам.доллар болж нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд тонн бүрээс 40 ам.долларын цэвэр ашиг олно” гэж Л.Баяраахүү ярьсан.

Ерөнхийлөгчийн эмзэглэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би нэг зүйлийг маш их гайхаж байгаа. Гурван жил УИХ, Засгийн газарт төмрийн хүдрийн асуудлаар хандсан боловч ямар ч хариу өгөөгүй. Төмрийн хүдэрт ядаж л экспортын татвар тогтоох хэрэгтэй. Манайх шиг түүхийгээр нь төмрийн хүдрээ экспортолж буй орон дэлхийд алга. Монголд төмрийн хүдэр тийм ч их байхгүй. Ялангуяа, төмрийн хүдэр стратегийн чухал түүхий эд. Тиймээс Засгийн газар төмрийн хүдэрт онцгой анхаарч, хууль оруулж ирэх хэрэгтэй” хэмээн энэ оны хоёрдугаар сарын 26-нд Иргэний танхимд болсон Ашигт малтмалын тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцох үеэр хэлсэн.

Ерөнхийлөгч “Урд хөршийн хилийн цаана таван сая тонн төмрийн хүдрийн овоолго үүссэн байна. Сэлэнгэ аймагт байдаг Төмөртэй гэдэг уул чинь тэнд гарлаа. Улс орноо хөгжүүлэх барилгын материалын үйлдвэр байгуулна гэж бид яриад л байдаг. Гэтэл барилгын чухал түүхий эд болох төмрийн хүдрийг намайг ярьж байхад ч түүхийгээр нь зөөсөөр байна” гэв. Төмрийн хүдрийн баталгаат болон таамаг нөөцийг дээр өгүүлсэн. Гэхдээ Монгол Улсад төмрийн хүдрийн нөөцийн талаар нэгдсэн ойлголт алга гэж дүгнэж болохоор. Тухайлбал, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо нэг тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөцтэй гэж үзсэн. Тэгвэл, геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутагт судалгаа хийж, 11 тэрбум тонн нөөцтэй гэж тодорхойлсон. Гэвч нэг тэрбум, 11 тэрбум тонн нөөцтэй байх нь уужрах шалтгаан мөн үү. Таамаг нөөц бол байхгүйтэй ижил.

Экспортод удаалсан ч эдийн засагт ашиг өгсөн үү

Уул уурхайн экспортоос “хүрэл медал”-ийн болзол хангаж буй түүхий эд бол төмрийн хүдэр. Сүүлийн таван жилийн хугацаанд төмрийн хүдэр экспортод дээгүүр цойлж, нүүрс, зэсийн баяжмалтай ан мана үзэлцэх болов. Төмрийн хүдэр гэх чухал түүхий эдийг монголчууд мэддэг ч хэрхэн ашиглах эсэхээ шийдэж чадахгүй өнөөг хүрсэн. Цаашдаа ч яаж ашиглах нь тодорхойгүй. Гэхдээ боловсруулах, түүхийгээр нь зөөх гэсэн хоёр сонголт бидэнд үлдсэн. Түүний нэгийг нь дугуйлна гэсэн үг. Одоогийн байдлаар зөвхөн олборлох, овоолсон төмрийн хүдрээ зөөх үүргийг Монголын тал хүлээж буй. Үүнд, үйлдвэрлэлийн ямар ч шат дамжлага байхгүй.

Өнгөрсөн оны байдлаар манайх 726.5 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй байгаагаас 438.2 сая тонн баттай нөөц. Үлдэж буй 288.3 сая тонн таамаг нөөц гэсэн урьдчилсан судалгаа гарчээ. Тэгвэл улсын хэмжээгээр жилд 400 мянган тонн металл бэлдэц импортолж байна гэсэн гаалийн мэдээ бий. Барилгын салбар гэхэд л арматурын хэрэглээнийхээ 60 хувийг урд хөршөөс авч байна. Цаашдаа 100 мянган айлын орон сууц, шинэ төмөр зам төсөл “хөлд орох”-ын цагт яах вэ. Төрөөс хэрэгжүүлэхээр баталсан хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд төмрийн хэрэгцээг өсөн нэмэгдүүлэх нь дамжиггүй. Тэдгээр төслийн хэрэгжилтэд гангийн бүтээгдэхүүн тээг болох вий. Мянга сайн үйлдэр байлаа гээд түүхий эдгүй бол эдийн засгийн үр ашиг үгүй.

Давсан хэрэгцээг хэн хангах вэ?

“Монголын ган бүтээгдэхүүний ойрын хэрэгцээ жилд 350-500 мянган тонноор өсөх төлөвтэй” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал М.Баттөгс хэллээ. Ямартай ч одоогийнхоос өсөх нь гарцаагүй. Зөвхөн Монголын ган бүтээгдэхүүний эрэлт өсөөд зогсохгүй Өмнөд ба Зүүн Азийн орнуудад төмрийн хүдрийн олборлолт дөрөв дахин өсөх таамаг гарчээ. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, ОХУ болон БНХАУ-ын ган, ширмийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ огцом өсч байна. Манайх өөрийн хэрэгцээг хангах төмрийн хүдрийн нөөцтэй ч дотоодод нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжихгүй байгааг дээрх тоо харуулах биз ээ. Экспортод илүүрхэж буй төмрийн хүдрийн олборлолт жил бүр өсөн нэмэгдэж буй. Тухайлбал, 2010 онд 3.2 сая тонн, 2011 онд 5.7 сая тонн, 2012 онд 6.3 сая тонн баяжмал экспортолжээ.

Итгэл, найдвар цээжинд үлдлээ

Ирээдүйд Монгол Улс төмрийн хэрэгцээгээ дотооддоо хангах төсөөлөл замхарч байна. Төсөөллийг амьдруулах төрийн бодлого гэж байна уу. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газарт төмрийн хүдрээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх итгэл үнэмшил алга бололтой. Төмөртэй, Баянгол, Төмөр толгой, Таян нуур гэж төмрийн хүдрийн орд бий. Эдгээр ордын нийт нөөц нь 420 сая тонн. Гэвч түүнийг ухаж, зөөх эрхийг нь төр олгосон ч дагалдах үүргийг нь зааж өгсөнгүй.

Манай нийт экспортын орлогын 12.1 хувийг төмрийн хүдэр, баяжмал эзэлж байна. Гэвч төсөвт оруулж буй төмрийн хүдрийн үүрэг үлэмж бага байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрийн үр ашгийг үндэстэн бүхэлдээ хүртэж чадахгүй байна гэсэн үг. Хэсэг бүлэг хүмүүс түүнээс ашиг сааж, нийтийн баялгийг хувийн хөрөнгөө арвижуулах арга хэрэгсэл болгосоор буй хэлбэр нь уул уурхайн сул тал гэлтэй.

Төмрийн хүдрийг металлургийн аргаар гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болговол тонн тус бүрээр нь 1500 ам.доллараар арилжаалах боломжтойг эрдэмтэн, судлаачид хэлж буй. Гэсэн ч төмрийн хүдрээ түүхийгээр нь өдөр, шөнийг үл ажран зөөсөөр. Манай улсад хар төмөрлөг олборлох 30 компанид лиценз олгосноос 15 нь өөрийн талбайгаа бүрэн ашиглаж, уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дэхь шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандорж “Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй нийт ачааны 75-80 хувийг төмрийн хүдэр эзэлж байна. Хоногт ойролцоогоор 214 ачааны галт тэрэг урд хөршид төмрийн хүдэр тээвэрлэх нь ердийн үзэгдэл” гэв.

Сайн эцгийн шинж

Хар төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд нь төмрийн хүдэр. Төмрийн хүдрийн түүхий эдийн хэрэглээ 15 жил тутамд хоёр дахин нэмэгддэг гэсэн гаргалгаа ч бий. Төмрийн бага агуулгатай хүдрийг эс тооцвол түүний нөөц нь дэлхий дахинд 500 тэрбум тонноор тооцогдож буй. Үүнээс үйлдвэрлэлийн шаардлага хангахуйц өндөр агуулгатай нь 140.6 тэрбум тонн. Бидний үеийнхэн болоод ирээдүй хойч үе маань таамаг бус баталгаат нөөцийг ашиглах учиртай.

Дэлхийн хэмжээнд тэргүүлэх таван байгалийн баялагт төмрийн хүдэр багтдаг. Тиймээс аль ч орон стратегийн чухал түүхий эд гэж төмрийн хүдэрт төрийн бодлогоор хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд нэг тонн төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 80-150 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Үүнээс ч илүү өсөх, ирээдүйн “од” болох ашигт малтмалд төмрийн хүдэр дээгүүр давхиж яваа. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэртэй орон “гялалзана” гэсэн үг. Учир нь төмрийн хүдэр хэзээд нэмүү өртөг шингээх, ажлын байр олноор бий болгох, баялаг бүтээж байдаг түүхий эд. Тиймээс төмрийн хүдрээ хав дарах нь маргаашаа бодсон сайн эцгийн шинж. Хав дарж чадахгүй юм гэхэд дотооддоо боловсруулах, экспортын татвар тогтоох шаардлагатай байгааг учир мэдэх хүмүүс сануулах боллоо.

Хятадын зах зээлд Монгол

Урд хөршийн ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эрэлт огцом унахгүй бөгөөд цаашдаа өсөх хандлагатай байна. БНХАУ-ын нэг жилийн төмрийн хүдрийн баяжмалын хэрэгцээ нэг тэрбум тонныг хэдийнэ давсан. Тэгвэл ирэх таван жилд БНХАУ-ын гангийн эрэлт жилийн зургаан хувийн өсөлттэй байх аж. Тухайлбал, 2011 онд төмөрлөгийн үйлдвэрлэл урд хөршид есөн хувиар өссөн байдаг. Энэхүү өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах бололтой. Дэлхийн төмрийн хүдрийн хэрэгцээний 68 хувийг Хятад, 18 хувийг Япон, Өмнөд Солонгос, Тайван, үлдэж буй есөн хувийг Баруун Европ тус тус эзэлнэ гэж шинжээчид дүгнэх болсон. Хятад гангийн үйлдвэрлэлдээ зориулж 683 сая тонн коксжуулсан нүүрс худалдан авна гэсэн тооцоо бий. Энэ нь манай улсын нүүрсний зах зээлд том боломж ч төмрийн хүдэрт айдас төрүүлэх боллоо. Дэлхийд олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг Их Британийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн уурхайгаа өргөжүүлэх болсноо зарласан. “Рио Тинто” 2015 он гэхэд 360 сая тонн хүдэр олборлох юм байна. Дэлхийг төлөөлж буй урд хөршийн зах зээлд Монгол хэрхэх нь бидний сонголт. Төмрийн хүдэр манай зууны маш чухал түүхий эд болохыг цаг хугацаа харуулсаар байна.

 

Б.Баяртогтох