"Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Г.Сэрээнэндорж улсын хөрөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2015.06-р сараас хойш шалгагдаж байгаа. Тодруулбал Г.Сэрээнэндорж тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 20 000 000 төгрөгийн өртөг бүхий зүтгүүрийг дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутай гэж үзэн ял оноов. Гэхдээ ялыг нь өршөөлийн хуульд хамруулж цагдан хориогүй юм.

Г.Сэрээнэндорж гэж хэн бэ? Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндорж, 1963 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт төмөр замын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамтаар Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ... дугаар байрны 9 тоотод оршин суух, 2001 онд “Монголын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2005 онд “ОХУ-ын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн.

Үйлдсэн хэргийн тухай:  Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын ашиглалтад явж байгаагүй, шинэ сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгч 330 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Сэрээнэндоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндоржийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас 228.400.000 төгрөг гаргуулж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Сэрээнэндорж нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Сэрээнэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх:  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын: “…тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч” гэснийг “…тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хасч…” гэж, 4 дэх заалтын: “…иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас…” гэснийг “…иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-аас...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүх: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүн гурван хоног саатуулагдсан. Нэг жилийн ял аваад Өршөөлийн хуульд хамрагдчихаж байгаа юм. Мөн тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жилээр хассан болоод энэ хүн өнөөдөр эрх чөлөөтэй явж байна. “Ялтай” байх хугацаа нь дуусаагүй байхад энэ хүн хөдөлмөр эрхлэхгүй гэсэн үг. Гурван шатны шүүхийн шийдвэрийг энэ хүн хэрэгжүүлэх үү? Эс хэрэгжүүлэх үү гэдгийг харах л үлдлээ.