Автобуснуудыг түгжрэлгүй явуулахын тулд нэгдүгээр эгнээг гаргаж өгсөн. Гэсэн ч замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог нь микро автобус болон нийтийн тээврийн автобусны жолооч нар. Тухайлбал, уулзвар дээр эгнээ байр буруу эзэлнэ, 2-р эгнээнээс давхар эргэнэ, дохио өгөлгүй шахна, автобусны буудалгүй газар хүн буулгаж суулгана, гэнэт тоормослох зэргээр хүн тээвэрлэж яваагаа мартсан жолооч нар бол нийтийн тээврийн жолооч нар.

Тэдний энэ хариуцлагагүй байдлын улмаас өчигдөр хоёр автобус мөргөлдөж таван хүн гэмтсэн осол боллоо.

Тодруулбал, БГД-5 Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын хойд автобусны буудлын замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Ecobus J-800T автобусны жолооч Б нь “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Maz 215067 П жолоочтой автобустай мөргөлдсөн юм. Ослын улмаас  зорчигч БЗД 11-р хороонд оршин суух Д /44н,эм/, Баянхонгор аймгийн харъят П /64н,эм/, ЧД 11-р хороонд оршин суух Ж /62н,эр/, ЧД 12-р хороонд оршин суух Х /6н,эм/, СХД 7-р хороонд оршин суух Э /4н,эм/ нарын 5 хүн гэмтсэн бөгөөд  хэргийг  цагдаагийн газраас шалгаж байна.