Нүүрийг нь хараагүй хүнтэй Фэйсбүүкээр танилцаж, өөрийнхөө нүцгэн зургийг явуулснаасаа болж сүрдүүлэгт автаж, эд зүйл, мөнгө, сэтгэл зүйгээрээ хохирсон тохиолдол гарсан талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Гэвч сэрэмжлүүлэгийг хүлээж аваагүйгээсээ болж нэг иргэн нэрийг нь ч мэдэхгүй хүн рүү нүцгэн зургаа явуулж, сүрдүүлэгт автаж 480 000 төгрөгөөр хохирсон тохиолдол бүртгэгдээд байна. Уг хэргийг цагдаа, прокурор шалгаж шүүхээр шийдвэрлэсэн байна.

Цахим орчинд өөрийн мэдээллийг олон нийтээс нууцлах тохиргоо байдаг. Мөн танихгүй хүнтэй хамаагүй бичиж, итгэл үзүүлснээсээ болж алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал Б.Эрдэнэбаяр  гэх залуу   2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  Ц.Д-тай Амгаланбаяр гэх худлаа нэрээр фэйсбүүкт  танилцан мессенжерээр харилцаж байжээ. Өөрийнхөө нэр, нас, ажлыг худлаа хэлж  итгэлийг нь олох замаар олон хоног чатаар харилцаж, сексийн  талаар ярилцсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй секс хийхгүй ч гэсэн хоёр биендээ түшигтэй амьдарцгаая гэх мэтээр “толгойг нь эргүүлж” итгэлийг нь олж авчээ. Үүний дүнд  хохирогч эмэгтэйн нүүр нь гарсан цээж нүцгэн хоёр зураг, өгзөг нь гарсан нэг зургийг олж авсан байна. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цахим хуудсаар нүцгэн зургийг чинь байршуулна гэж түүнийг далайлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж эхэлсэн байна.  Мөнгө өгөхгүй бол өөрийн чинь нэрээр Фэйсбүүк хаяг нээж,  биеэ үнэлэгч гэх мэтээр тараах болно хэмээн сүрдүүлж, үүнийгээ ч хэрэгжүүлжээ.  

Хохирогч эмэгтэй рүү олон хүн залгаж, зургаа үзүүлээч, мөнгөө өгсөн гэх мэтээр дарамталж эхэлсэн байна. Хохирогч эмэгтэйн хувьд Б.Эрдэнэбаярт 480 000 төгрөг залилуулсан бөгөөд өөрийнхөө Фэйсбүүк хаягыг хүртэл хаасан байна.  

Улмаар цагдаад хандаж өөрийнх нь нэр төрд халдаж, мөнгө авсан этгээдийг олж авсан. Хэргийг  шалгаж байхад өөрийг нь залилсан этгээдээс 480 000төгрөгөө олж авсан тул санал гомдолгүй гэж эвлэрсэн байна.

Тиймээс шүүхээс Б.Эрдэнэбаярыг бусдын нэр төрд халдсан, мөнгө залилсан, сүрдүүлэн авсан хэрэгт буруутай гэж үзсэн. Гэхдээ хохирогчтой зохицсон болохоор хоёр жилийн ял оноогоод нэг жилээр тэнсэн харгалзахаар болжээ.

Энэ бол илрээд цагдаа, шүүхээр явсан тохиолдол. Цаана нь ингэж явалгүйгээр мөнгө, сэтгэл санаагаар хохирсон тохиолдол цөөнгүй бий. Тиймээс нэр нүүрээ нууцалсан хүнтэй цахим орчинд танилцахгүй байх. Танилцсан байлаа гэхэд өөрийнхөө хувийн мэдээллийг өгөхгүй, 18+ сэдэл төрүүлэхүйц зураг явуулахгүй байхад анхаарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.