Сүүлийн 16 жилийн хугацаанд манай улсын 300 гаруй эмэгтэй гадаадын найман улсад худалдагдаж, хүний наймааны хохирогч болсон гэх мэдээлэл байна. Тэдний олонх нь “Нуруулаг, царайлаг охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарлалд итгээд, хохирчээ. Арав орчим жилийн өмнө хүний наймаачдын дунд тренд байсан эл арганд өдгөө итгэх хүн цөөрсөн учир арга нь улам нарийсаж буй гэнэ. Гадаад улсад сурч, ажиллах гэсэн залуусын хүсэлд нь тулгуурлан өгөөш тавьж, тэднийг хүний наймааны хохирогч, бэлгийн мөлжлөгт оруулах болжээ. Хэрвээ биеэ үнэлэхийг хүсэхгүй байвал мансууруулах бодис хэрэглүүлж эсвэл, ойр дотнын хүмүүсээ худалдахыг санал болгох зэргээр дарамт учруулдаг гэнэ.

“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясах: “Хүний наймаа ихэвчлэн хэн нэгний найз нөхөд, хол, ойрын хамаатан садны хүрээллээр дамждаг болсон. Улс дамжуулан хүн худалддаг зохион байгуулалттай бүлэг байдаг учир хэрэг үйлдэх арга нь цаг үеэ дагаад байнга өөрчлөгдөх болсон. Сүүлийн үед тэд охид, эмэгтэйчүүдэд гадаадад суралцангаа ажиллах боломж санал болгож буй. Мөн “Монголд бага цалинтай ажил хийж байхаар гадаадад ажиллавал илүү мөнгө хураана. Эцэг, эхэд чинь ч дэмтэй хэмээн” сэнхрүүлж эхэлсэн. Ингээд л нэг өдөр гадаад оронд зорчих виз гаргаж өгнө. Мөрөөдөл нь биеллээ хэмээн хөөрсөн хүмүүс өөрсдийгөө бараа болсон гэдгээ ч мэддэггүй. Ингээд л хохирогч болдог. Очсон даруйдаа бичиг баримтаа хураалгаж, харуул хамгаалалт, байнгын зодуур, дарамт шахалтад орж, биеэ үнэлэхээс өөр сонголтгүй болно” гэв.

Нэгэнт зорьсон газраа очсон хүмүүс биеэ үнэлэхгүй гэж хэчнээн эсэргүүцээд ч нэмэргүй. Өөрсдийг нь боолоо болгон худалдан авсан хүмүүс нийлүүлэгчид төлсөн мөнгө, тээвэрлэлтийн зардлаа нэхэж, тэр бүгдийг биеэрээ төлөхөөс өөр аргагүйд хүргэнэ. Гэвч биеэ үнэлж олсон цөөн хэдэн төгрөгнийх нь дийлэнхийг орогнож буй байр, идсэн хоолных нь төлөөсөнд авч, “Өөрийнхөө оронд хүн олж өгвөл явж болно” гэх санал тавьдаг аж. Үүнээс болоод хохирогчид ойр тойрныхоо хүмүүсийг золиослох тохиолдол цөөнгүй ажээ. Өнгөрсөн хугацаанд тус төвд хандсан 2000 гаруй хүний 700 нь ийм хэргийн золиос болсон гэдгээ хэлжээ.

 

Хүмүүсийн хүзүүг нь гинжилж, нэг бол гар гараар нь холбоод худалддаг тухай олон кинонд гардаг. Тэгвэл Эрээн, Бээжин, Хонконг, Мокаод худалдагдсан охид яг үүн шиг нөхцөлд аж төрдөг гэнэ. Биеэрхүү эрчүүдээр хамгаалуулсан өрөөн дотор сууж, үйлчлүүлэгч нарт өөрийгөө сурталчилдаг аж. Уг нь хүний наймаа, боочлолын талаарх сэрэмжлүүлгийг холбогдох байгууллагууд хангалттай мэдээлж буй.

 

Цагдаагийнхан шалгалт хийж гадаадын улсад худалддагдсан иргэдээ авчирч байгаа. ӨМӨЗО-ы Хөх хотод бусдын эрхшээлд орж, тусламж хүссэн Ж, Эрээн хотын нэгэн цайны газарт угаагчаар ажиллахаар очоод, бэлгийн мөлжлөгт өртсөн Б, С нарыг эх оронд нь авчирсан гээд баримт олон бий. Ийн худалдагдсан хүмүүсийн цөөнгүй нь охид байсан ажээ. Бие нь дөнгөж бойжиж буй охид үнэтэй “бараа”-ны тоонд орж, хүний наймааны хохирогчдын тоо жил ирэх тусам залуужиж байгаа гэнэ.

 

Биеийг нь хүчээр үнэлүүлэх, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авах зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус эдгээр үйлдэл манай улсад ч цөөнгүй гарах болжээ. Гадаадын улсуудад вэб хуудас нээж, эмэгтэйчүүдэд код өгч, дуудлагаар худалддаг хэмжээнд л хараахан хүрээгүй байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тавхан сарын дотор манай улсад биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан хэрэгт 15 хүн холбогдсон байна. Тэдний 13 нь эмэгтэй, долоо нь 25-29 настай байжээ. Харин хохирогчид нь голдуу насанд хүрээгүй охидууд байсан аж.

Цагдаагийн байгууллагаас бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, таслан зогсоох зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудын судалгааг шинэчлэн гаргаж, шалгасан байна. Гэтэл шалгалтын явцад хүний санаанд оромгүй хэд хэдэн зөрчил илэрчээ.

Саун, массажны 17 газарт 84 эмэгтэйн биеэ үнэлүүлж байсан гэх мэдээ байна Тэдний олонх нь бусдын ятгалга, сүрдүүлгээр ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Заримаас нь дурдвал, иргэн Ө нь Н-ийг дарамталж олон жилийн турш биеийг нь үнэлүүлсэн, иргэн А нь бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалын зоорийн давхар болон тус дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах массажны газруудад насанд хүрээгүй О, У, Д нарыг биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Мөн А гэгч Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд 17 настай А, Т болон 18 настай Э, Н нарын биеийг энэ оны гуравдугаар сараас хойш удаа дараа үнэлүүлсэн нь тогтоогджээ. Эдгээр 17 газрын газрын үйл ажиллагааг зогсоож, 16-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өдгөө дөрвийг нь шүүхэд шилжүүлж, хоёрынх нь хэргийг нэгтэж буй бол 10 хэргийг шалгаж буй гэнэ.

Хүмүүсийн алжаалыг тайлах үйлчилгээ үзүүлэх ёстой саун, массажны газрынхан биеэ үнэлэгчид, тэднийг зуучлагчдын халхавч болсон нь хяналт сул байгаатай холбоотой аж. Журамд харьяа орон нутгийнхаа удирдлагаас зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт бий. Аль сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулах вэ гэдгээс шалтгаалж, удирдлагаас нь зөвшөөрөл авна гэсэн үг. Гэтэл Улаанбаатарт хүссэн бүхэн ийм үйл ажиллагаа явуулах болжээ. Тухайн газарт ажиллаж буй хүмүүс мэргэжлийн үнэмлэхтэй байхаас гадна эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой ч үүнийг мөрддөг нь тун цөөн аж. Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газрынхан хааяа хамтарсан шалгалт хийдгийг эс тооцвол хяналт тавьдаг байгууллага байдаггүй гэж хэлж болох талаар холбогдох албаныхан хэлэв. Тийм ч учраас төрийн байгууллагын зоорийн давхарт хүртэл саун, массажны газар ажиллаж буй юм. Нийслэлд саун, массажны төдөн газар бий гээд тоог нь хэлчих байгууллага алга.

Нөхөн үржихүйн ид насны бүсгүйчүүд минь харь оронд бэлгийн мөлжлөгт орсоор байвал наандаж гэр бүл, цаашдаа улс орны аюулгүй байдалд нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс нутаг нэгт охид, бүсгүйчүүдээ харьд худалддаг, бэлгийн мөлжлөгийн “бараа” болгодог хүмүүст ногдуулдаг ялыг чангаруулах, тэдэнтэй нийгмээрээ тэмцэх цаг болжээ. Тийм хүмүүс бидний дунд гэмгүй царайлан явж байна.