Утасны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн мэдээлэл Монголбанкинд очно
2017/08/03
Хэд хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээгээр “Мобикомын дараа төлбөрт хэрэглэгчид хоёр сарын дотор төлбөрөө төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно” гэх утга бүхий мэдээлэл цацагдсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлэх болсон.
Тиймээс бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр албаны хүмүүсээс тодрууллаа. Мобиком коркорациас энэ талаар лавлахад “Манай байгууллага ийм шийдвэр гаргаагүй. Монголбанктай хийсэн гэрээний хүрээнд ажиллаж байгаа. Ганцхан манай байгууллага биш бүх үүрэн холбооны оператор компаниуд гэрээ хийсэн. Зарим цахим сайтуудаар цацагдаад байгаа дараа төлбөрт хэрэглэгчид хоёр сарын дотор утасны төлбөрөө төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно гэдэг нь буруу ташаа мэдээлэл” гэдгийг хэллээ.
Харин үүрэн холбооны компаниудтай байгуулсан гэрээний талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Д.Баттуулаас тодруулахад “Монголбанктай хамтран ажиллах гэрээ хийснээр үүрэн холбооны операторууд зээлийн мэдээллийн санд мэдээллээ илгээх эрхтэй болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд “Актив ангилах журам” батлагдсан. Энэ журам нь арилжааны банкууд, үүрэн холбоо зэрэгт адилхан үйлчилдэг. Журамд зээлийг хугацаагаар нь ангилсан байгаа. Иргэн зээл төлөх хугацаагаа 15 хоногоор хэтрүүлэх нь хэвийн ангилал, 15-90 хүртэл хоног төлөхгүй бол анхааруулах ангилал, 90 хоногоос хэтрүүлсэн бол чанаргүй зээлдэгч гэсэн ангилал руу шилждэг. Тиймээс хоёр сар төлбөрөө төлөөгүй мобикомын дараа төлбөрт хэрэглэгч чанаргүй зээлдэгч болно гэсэн зүйл байхгүй. Төлбөрөө төлөөгүй хоёр сар буюу 60 хоног болвол анхааруулах ангилалд хамаарна, актив ангилах журамд ийм хугацаа байхгүй” гэлээ.
Монголбанкны “Актив ангилах журам”-д зааснаар Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл компанийн дараа төлбөрт хэрэглэгч төлбөрөө төлөлгүй 90-ээс дээш хоног болвол зээлийн мэдээллийн санд таны мэдээлэл очиж, чанаргүй зээлдэгч болох юм байна. Гэхдээ зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байлаа гээд банкнаас байрны зээл, цалингийн зээл авч болохгүй болно гэсэн үг биш гэдгийг Төвбанкны эдийн засагч хэлсэн юм.
Дээр дурдсанчлан 90 хоногоос дээш хугацаагаар төлбөрөө төлөхгүйгээр чанаргүй зээлдэгчийн ангилалд хамрагдлаа гэхэд банкнаас зээл олгох үгүйг эдийн засагчид, зээлийн лавлагааны мэдээлэл дээр үндэслэн гаргадаг байна.
М.Баасандэлгэр
дон · 2017/08/04
Арай хэтэрхий байна энэ аргийг, энэ хамтарсан журмыг хувааж идэж хуйлж түрүүлэх гэдэг юм тэгээд тэр нь ард иргэд, хэрэглэгчидээсээ шүү ... банкнаас цалингийн зээл авах гэхээр моби- д утасны зээлтэй байна түүнийгээ гэрээнээсээ өмнө төл гэж ацаглана төлчихөөр , та хөнгөлтөй нөхцөлөөр авсан хугацаанаасаа өмнө үлдэгдэл зээлээ төлсөн болохоор хөнгөлттөй авсан зөрүүгээ төл гэсэн шаардлага моби-гоос тулгаж байгаа хамгийн өндөр тарифтай хэрнээ арай хэтэрч байгаа салбар шүү .. Иргэдээ мобигоос бүгд татгалзая .... хэрэглэгчидын хүчинд үйл ажиллагаагаа явуулж амьдарч байгаа гэдгийг нь ойлгуулах цаг нь болжээ ... Монголд ганцхан үүрэн холбооны компан байгаа биш одоо бүх үүрэн холбоо Монгол даяараа бараг моби-гоос илүү орчихсонг ойлгуулах хэрэгтэй болжээ .... Мобигоос татгалзая ... Ард иргэдээ 8- настангаас азай бууралууд маань хүртэл хэрэглэгчээсээ татгалзая ..