Төр нийгмйин нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял аваад байгаа. Ц.Амгаланбаатарт анхан шатны шүүхээс  оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх шийдвэр анхан болон болон давж заалдах шатны шүүхээс гарсан. 

Үүнийг ялтан  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр тэдний  гомдлыг хянан хэлэлцэх аж.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Шүүх хурал өнөөдөр 09:00 цагт УДШ-ийн байранд болно. Бид УДШ энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар эргэн мэдээлэх болно.