Наймдугаар сарын 1ний 15 цаг 40 минутын орчим Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн байртай залгаа "Пума Империал" зочид буудлын шинэ өргөтгөлийн байрны 17 давхараас буусан цахилгаан шат доош унан хүний аминд хүрэх эрсдэлтэй осол гарсан билээ.

Энэхүү ослын үеэр цахилгаан шатанд найман хүн зорчин явсан бөгөөд тэдний зарим нь хөнгөн гэмтэл авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ мэдээллийг хүргэсний дараа тус зочид буудлын газраас нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ажилтан нь  манай редакци руу 319146 гэсэн дугаараас залган хэн нэгний захиалгаар мэдээлэл гаргалаа гэх мэтээр бидний мэдээлэл хийх эрхэнд халдан доромжилсон утгаар ярьж байсан. Бидний хувьд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийн амь нас хохирох эрсдэлтэй ослын талаар мэдээлэл хүргэсэн болно. Гэтэл тус байгууллага өөрсдийгөө хамгаалан захиалгаар төлбөртэй мэдээлэл гаргасан хэмээн манай байгууллагыг гүтгэн доромжилж байснаас гадна цахилгаан шатанд суусан хүмүүс чинь угаасаа жингийн илүүдэлтэй л хүмүүс өөрсдөө чихэж суусан тэгээд ч энд тийм аймаар осол гараагүй ирж хараач гэх мэтээр аашилж байсан билээ. 

Тэгвэл өчигдөр тус зочид буудалд болсон хэргийн шалгалтын дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна.  Энэхүү дүгнэлтээр лифт зогсолтын түвшин хэтэрч зөөлөн тулгуур дээр буусан гэж дүгнэлтэнд дурдсан байгаа ч лифтээр зорчиж байгаад хүчтэй унаж гэмтсэн гэдгийг хохирогчдийн биеийн байдалд хийсэн эмчийн дүгнэлт нотолдог юм.

Өөрөөр хэлбэл, лифт маш хүчтэй унаснаас болж тархины доргилт зөөлөн эдийн битүү гэмтэлд хүрсэн хэмээн өвчтөний түүхэд бичигдсэн байдаг юм. Ямартай ч эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актыг товч танилцуулвал: 

Шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1. Лифтийн ашиглалт хариуцагчийг томилоогүй нь "Лифтний төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 27.13 дахь заалтыг

2. Лифтний тэнцвэржүүлэгч гинжийг хийгээгүй байгаа нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.7 дахь заалтыг

3. Лифтүүдийн цахилгааны үндсэн тэжээлийг нэг дамжуулагчаас салаалсан нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 18.2 дахь заалтыг

4. Лифтийн оролтын төхөөрөмжинд байрлах цахилгаан утасны үзүүрийг нягтруулагчаар холбоогүй нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 22.2 дахь заалтыг 

Иймд Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай"  хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалт "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.34 дэх заалтыг тус тус үндэслэн АКТ тогтоожээ.

Ингэснээр тус газрын цахилгаан шатыг энэ сарын 1-нээс эхлэн илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

 

АНХ ДОЛООН ДАВХАР ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАЙСАН Ч ЯАГААД 17 ДАВХАР ЗОЧИД БУУДАЛ БОЛОВ 

Анх долоон давхар хичээлийн байр­ны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ин­гэх­­дээ дан тоосгоор барь­сан  байдаг. Барилгын тэнх­лэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр  нь улс орны аюулгүй бай­далтай холбоотой асуудал. Ту­хайлбал, дэлхийн жишигт парламентын ордны­хоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.

 Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь  одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч  барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээ­лийн байрны өргөтгөл биш “Пума” зочид бууд­лын  байр болж “хувир­сан” нь олон нийтэд ил бол­сон. Тэгтэл ту­хайн үед мэр­гэж­лийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг  дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга  тараа таниулж эхэллээ.

Барилгын ажлын яв­цад гэхэд л Нийс­лэлийн мэргэжлийн хя­нал­тын газрын Барил­гын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав “Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуулийн өргөтгөл гэдэг нэр­тэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Анх зураг гаргасан зохиог­чийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучил­тад төмөр гагнаад, тоос­гоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шин­жил­гээгээр тогтоолго, зу­раг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн  “Пума” компани, Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуульд хоёуланд нь 2.5 сая төг­рөгийн торгууль ног­дуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 дав­хар болж сүндэрлэт­лээ Мэргэжлийн  хяналтынх­ныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давх­раас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэр­тээд өнгөрч. Хэрэв  17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц “Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд “Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг бо­лог. Мэргэжлийн хянал­тын­­хан энэ байдлыг га­зар ава­хуулалгүй  зогсоогоосой.