Зээлийн хүү бууруулах, эсэхийг хэлэлцсээр. Гэхдээ Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулж 69.2 хувийн дэмжлэгээр хэлэлцэхээр боллоо.

Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ер нь банкны хүүний талаарх санаа санаа өмнө нь цухалзаж байсан ч ингэтэл газар авч байсангүй. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү бууруулах нь нийгмийн захиалга, шаардлага болсон. Хэрвээ Монголын банкуудын зээлийн хүү зохистой түвшинд, иргэдийн орлоготой дүйцэхүйц байсан бол энэ сэдэв олны дургүйцлийг ингэтэл хөдөлгөж, бүх нийтийг хамрахгүй байсан биз ээ.

Банкуудын зүгээс энэ асуудлыг ингэж хөндөж буйг улстөржилттэй холбон тайлбарлаж байгаа. Гэтэл эдийн засагчид, судлаачид ч үүнд нэгдэж эхэлжээ. Тухайлбал эдийн засагч Б.Одсүрэн “Жишээ татаж ярья. Сингапурт байр авахад ганцхан урьдчилгаа 30 хувь төлөх шалгуурыг давбал жилийн 2 хувийн хүүтэй 30 жилийн ипотект хамрагдаж болдог. Харин үйлдвэрлэлийн зээл ямар ч оронд тусгай хөнгөлөлттэй нөхцлүүд ААН-дээ бодлогоор өгч байна. Манай улсын хувьд эхний ээлжинд хадгаламжийн хүүг татварын, квотын, хуулийн болон бусад аргаар бууруулах хэрэгтэй. Цөөн хүний төлөө эдийн засаг хөдөлдөг байж болохгүй. Сүүлдээ гадныхантай нийлж хямд мөнгө босгочихоод банкинд хийж мөнгө хийдэг боллоо шүү дээ. Тэр хүүг төлөхийн тулд манай улсын хөдөлмөрийн чадвартай нэг сая иргэн борви бохисгүй ажиллан төлж байгаа. Өндөр хүүг бүрдүүлэгч хүчин зүйл бол Монголбанкнаас баримталж буй бодлогын хүү. Дээрээс нь манайд нөлөөлж буй экспортын бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ, валютын нөөц зэрэг суурь хүчин зүйл бий. Хурдан шийдэх арга бол гадаадын хөрөнгө оруулалтын банкуудыг оруулах хууль эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх юм. Манай арилжааны банкууд ярихдаа гадаадын банкууд орж ирснээр манай зах зээлийг булаачихна гэж ярьдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Бид шат ахих цаг болсон. Хэрвээ эдийн засгаа томруулъя, улсаа хөгжүүлье л гэж байгаа бол энэ хувиа хичээсэн энэ байдлыг зогсоох ёстой” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байв.

Энэ бол бодит үнэн. Яг үнэндээ, манайд олонд танигдсан эдийн засагч гэгдэх эрхмүүд, бизнес, тэр дундаа банкны салбараас шууд төрд гарсан түшээд ойлгомжгүй олон томьёо, тооцоо ярингаа банк бол төрийн зохицуулалт орж болохгүй цорын ганц салбар гэх ухааны юм ярьдаг. Одоо ч ярьсаар байгаа. Ялангуяа зээлийн хүүг бууруулах талаар эрчимтэй хэлэлцэж буй энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дээрх утга бүхий нийтлэл, нэвтрүүлгийг өндөр үнээр бүтээлгэн цацах болов. Тэр ч бүү хэл, төрийн түвний яриа хэлэлцээрийн үеэр ч банкны төлөөлөгчид хэт том байр сууриас хандах болсон билээ.

Ийм нэгэн жишээ байна. Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон өнгөрсөн онд чуулганы танхимд Эрдэнэтийн тухай асуудлаар “Монголын хамгийн том эрсдэл бол улстөр. Мөнгө яаж босгох, цаад банк нь чадах, эсэх нь аравдахь асуудал. Бид бүр хамгийн дээд түвшинд, Ерөнхийлөгчийн түвшинд зөвшилцчихөөд ороод ирэхэд Монголын төр энэ асуудлыг шийдэхгүй байна. Дотор нь жонхууруулаад хаясан” гэж мэдэгдэж байв. Ерөөс банкны эздийн байр байдал нэг иймэрхүү. Төр, түшээдийг ч үл тоомсорлож, дорд үзэн харьцсан түүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зохих шанг тэр дор нь барьж байсныг олон нийт санаж байгаа байх.

Тэгвэл өнөөдөр Худалдаа хөгжлийн банк зээлийн хүү бууруулах тал дээр өчүүхэн ч эерэг мэдээлэл өгөөгүйгээр үл барам төрийн хэмжээнд энэ талаар хэлэлцэх гэхэд үл тоомсорлож байгаа гэдгийг улстөрчид онцлох болов. Гэхдээ энэ нь ч аргагүй ажээ. Энэ банк өдгөө Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч, анхдагчдын нэг. Хөрөнгийн хэмжээ нь бүр төсөөлөхийн эцэсгүй их. Саяхан л гэхэд олон улсаас 300 сая ам.долларын бонд босгочихсон. Хотын хамгийн үнэтэй газруудад өөрийн гэсэн том барилгуудтай.

Гэвч энэ том байдлаасаа тэс өөрөөр ажилладаг нь нууц биш. Тухайлбал, 2014 онд тус банкны үйлчилүүлэгч гэр бүл 8 хувийн зээлд хамрагдахаар эцгийнхээ байрыг барьцаанд тавин тусдаа байр авсан байна. Банкнаас тавьсан бүх шаардлагыг биелүүлэн зээлийн материалаа бүрдүүлэн банкнаас зээл олгох хугацааг хүлээж байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард тэдэнд Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгохыг зөвшөөрөн тэд ийнхүү гал голомтоо тусгаарлан өрх  тусгаарлах завшаан тохиожээ.

Гэтэл энэ бүх явдал өнгөрсөнөөс бүхэл бүтэн долоон сар өнгөрсний дараа банкнаас ярин зээлийн барьцаанд байгаа байрны үнэлгээ МИК буюу Монголын Ипотекийн Корпорациас тавьсан зээл олгох журмын шаардлагад хүрэхгүй байна. Тиймээс нэмж таван сая төгрөгийн зээлийн төлбөртөө урьдчилж хийнэ үү. Эс бөгөөс таны зээл найман хувийн хөнгөлөлттэй зээлээс хасагдан өндөр хүүтэй зээл рүү шилжинэ хэмээн мэдэгджээ.

Үнэн хэрэгтээ байранд орохын тулд тухайн байрны зөрүүг хувиасаа гарган төлж өөр бусад багагүй зардал гарсан гэp бүлийн хувьд  энэ төлбөр амьжиргааг улам доройтуулах шийдвэр болжээ. Зээлийн төлбөр өндөрөөр төлдөг дээрээс нь дахин мөнгө нэхэмжлэх эрхгүй бөгөөд тухайн үеийн гэрээндээ нэмэлтээр мөнгөн төлбөр хийнэ гэх мэт заалт ч байхгүй билээ.

Энэ мэдээлэл тухайн үедээ нэлээн шуугиан тарьж байсан ч хэсэг хугацааны дараа үүнийг нийтэлсэн ихэнх сайтууд мэдээллийнхээ архиваас устгасан байсан. Тэгвэл энэ нь Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагааны туйлын өчүүхэн нэг хэсэг. Үүнийг энэ банкны томчуул анхаардаг уу гэвэл эргэлзээтэй. Учир нь одоо энэ банкинд Эрдэнэтийн хувьчлал гээд мега түвшинд шийдэх олон ч асуудал байгаа.

Гэхдээ л Худалдаа хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн хэмжээ 2016 онд нэг 1 их наяд 188 тэрбум төгрөг гэж тайландаа тусгасан байх юм. Хамгийн сонирхолтой нь, энэ тоо 2015 онд 685 тэрбум төгрөг байсан бол жилийн дотор ийнхүү бараг л хоёр дахин нэмэгджээ. Үүн дээр хөрөнгө оруулалтын үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө гэх мэт бусад хөрөнгийг нэмэхэд нийт 6 их наяд 645 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх дүн гарчээ. Мөн л 2015 оноос хойш нэг жилийн дотор 1 их наяд гаруйгаар өссөн үзүүлэлт. Ёстой л суга өссөн дүн.

Энэ банк одоогоор иргэдэд зориулсан зургаа, байгууллагад зориулсан найман төрлийн зээл олгож байгаа. Зээлийн хүү нь мөнөөх айхтар том жишиг. Сарын дундаж хүү нь 1.7-2.1 хувь. Хамгийн энгийн цалингийн зээлээр жишихэд л, 10 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай авлаа гэхэд хүүнд 2.5 саяыг төлөхөөр юм билээ. Үүн дээр нь нэмээд анх зээл авахад үндсэн зээлийн 0.9 хувийг шимтгэлд өгнө. Бас л нөгөө банкны зээлийн “шударга” систем. Зээл олгож байгаа нөхцөл нь авбал ав, үгүй бол бай. Зээлийн гэрээнд нь иргэн гарын үсгээ л зурна. Өөрөөр заалт руу нь хуруугаа ч ойртуулах эрхгүй.

Худалдаа хөгжлийн банкны тухайд улстөрчидтэй нэр холбогдох, элдэв маапаанд оролцсон гэх цуурхал олон. Бүр Банкны тухай хуульд эднийх өөрсдийн үзэмжээр нөлөөлсөн ч гэдэг. Мөн АН-ын томчуул ХХБ-д хувь эзэмшдэг гэх барим тавим яриа байдаг ба 2016 онд засаг солигдохоос өмнө маш яаралтайгаар Эрдэнэтийн хувьчлалд орсон. Үүнийг нь АН-ын Засгийн газар УИХ-аар ч хэлэлцүүлэлгүй тун яаран сандран шийдвэрлэсэн. Чухам энэ байдал ХХБ-ыг улстөрчидтэй халаасаар нь холбогддог гэх хардлагыг эрчимжүүлсэн хэрэг.

Тэгээд ч Монголд уул уурхайн компаниуд биш банкнууд л баян. Банкууд дундаа ХХБ хамгийн баян гэдэг нь оргүй цуурхал биш ажээ.

Х.Маргад

http://erennews.mn