-ЖАГСАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ-

МАНАН-г эсэргүүцэх Монголын ард түмний тайван жагсаал энэ сарын 10-нд хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд боллоо. Энэ жагсаалд ерөнхийдөө орхигдсон үеийнхэн гэж хэлж болохоор ажил төрөлгүй, одоогийн байгаа төр засагт гомдсон улсууд л голдуу нэгдсэн байлаа. МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа нь зөв.

МАНАН, ЖДҮ-чид, 60 тэрбумын хэрэг гээд эрх баригчдын алдаатай олон үйлдэл ил болж нийгэмд шуугиан тарьж байгаа. Энэ бүгд бол төрийн дээд албан тушаалд очсон улсуудын хууль бус ажиллагааны сүүдэр. 60 тэрбум, ЖДҮ-г өөрсдөө болохоор худлаа л гээд байдаг. Нэгийг нь зүгээр зээл байсан, нөгөөг нь бол угаасаа тийм юм болоогүй гэж няцаасаар. Гэтэл үнэндээ одоо байгаа албан тушаалдаа хууль бусаар очсон 60 тэрбумынхан бол төрийн албан тушаалыг арилжигсад. Харин ЖДҮ-чид бол мэдээлэлд ойр байснаа ашиглаж ард түмэнд очих ёстой байсан мөнгийг хувьдаа авч завшиж төрийг тоногсод. Тэрнээс гадна батлагдаагүй нэгэн мэдээлэл байгаа нь ЖДҮ-ээс тэрбум тэрбумаар нь мөнгө авсан нь өмнөх Засгийн газрыг унагасны шан ч гэж яриад байгаа. Энэ бол ортой үг.

Төрийн толгойг эргүүлж, улс орныг хямрааж байгаа 60 тэрбумынхан, ЖДҮ-чидтэй нэгэн зэрэг тэмцэхэд ард түмэн бидний хүч хүрэхгүй. Эд нартай ингэж цувж тэмцэх нь хамгийн зөв тактик. Нэг нэгээр нь тэмцэж байж дарах учиртай. Түүнээс биш бүгдийг нь нэг дор дарж авна гэж байхгүй л дээ. Одоогоор засаг төрийн толгойд хоёр, гурван ч хүчин байна. 60 тэрбумынхан буюу ЖАДУС, ЖДҮ-чид буюу ЖИДҮС гэсэн энэ хоёр том хүчинтэй зэрэг тэмцэх нь буруу. Эхлээд ЖДҮ-чидтэй нийлээд 60 тэрбумынхан буюу ЖАДУС-ынхныг унагах гэж байгаа нь зөв алхам. 60 тэрбумынхныг устгалаа гээд энэ парламент алга болохгүй, ардчилал үгүй болчихгүй. Тиймээс 60 тэрбумынхныг устгасны дараа энэ парламент маань ЖДҮ-ийнхнийг устгах хэрэгтэй. Ингэхдээ 60 тэрбумынхантай хүч хавсрах нь зүйтэй юм. Яагаад вэ гэвэл ЖДҮ-чид бол үнэхээр луйварчид. Ийм байж таарахгүй шүү дээ. Монголын ард түмэн өнөөдөр ядуу зүдүүдээ уурлаж бухимдаад байгаа юм биш. Тэд бүх юм шударга бус байгаад л хорсч зэвүүцэж жагсаад байгаа юм. Тиймээс парламент нь 60 тэрбумынхантай нийлж ЖДҮ-чдийг устгах ёстой. Үүний дараа харин Засгийн газраа, Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхийг унагах хэрэгтэй. Ард түмний мөнгөөр Засгийн газар худалдаж авна гэдэг байж боломгүй явдал. Энэ бол Монголын түүхэнд гарч байгаагүй үйл явдал болсон.

За ингээд ЖАДУС, ЖИДҮС-ийг нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөөд эцэст нь Засгийн газраа унагачихаад байж байтал 2020 оны сонгуультай золгож таарна аа даа. Тэгэхэд энэ 60 тэрбум, ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон хүмүүсийг дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Үүн дээр л ард түмэн хүчтэй эсэргүүцэж тэмцэж, сануулж намууд ч шинэ хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Ингэхэд Монголын төр одоогийн байгаагаасаа хавьгүй цэвэршчих байх. Тэгээд жилийн дараа 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход өмнөөс нь ичээд байхааргүй, попордоггүй, бэлтгэгдсэн төрийн чадварлаг албан хаагчийг төрийн тэргүүнд дэвшүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ тийм зөв хүнээ гаргаад ирсэн байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгодог парламентын засаглалдаа шилжчихнэ. Үүгээр Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох юм. Тэгэхээр Ерөнхийлөгч нь УИХ-даа ороод ирнэ. Ерөнхий сайдаа УИХ нь шигшээд гаргаад ирэхээр бусдыг нь Ерөнхий сайд өөрөө тавьдаг болохоор хариуцлагыг Засгийн газрын тэргүүнтэй л ярьдаг болно. Бас “давхар дээл”-ний асуудлыг орхигдуулалгүй гуравны нэг нь давхар дээлтэй байхыг хориглодог байх хэрэгтэй. Гуравны нэг гэдэг бол бараг ихэднэ л дээ. Гэхдээ яахав тэр үед энэ тоог нөхцөл байдалд нь уялдуулаад гаргаад ирэх байх. Ингэхийн тулд эдгээр өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа хийх шаардлага тулгарчихаад байна. Эл өөрчлөлтийг эх хуульдаа тусгахгүй бол Ерөнхийлөгч гэдэг хүн их л завтай, байнга улс төрждөг, улс төрөөр оролддог болж. Ийм байхаар Монголын төр самуураад байдаг болчихоод байна.

Ийм өөрчлөлтүүд, шат дараалсан тэмцэл хийсний дараа ойрын гурван жилдээ Монголын төр шинэчлэгдэж цэвэршиж, цус үзэхгүй, хувьсгал гэж орилолдохгүйгээр өөрчлөгдөхөөр бүхнийг зохицуулах хэрэгтэй байна, монголчууд. Монгол төр шинэчлэгдэх тогтолцооны өөрчлөлтийн газрын зургийг иймэрхүү маягаар хиймээр байна. Тийм болохоор энэ бүхний эхлэл болох ЖАДУС-ыг эсэргүүцэж байгаа энэ удаагийн жагсаалынхаа хүчийг бүү сааруул гэж анхааруулаад жагсагчдад зориулж хэдэн зөвлөгөө өгье. Одоо та бүхэн төв талбай дээр гэр бариулаад тохижоод авлаа. 60 тэрбумынхан буюу ЖАДУС-ынхныг унангуут УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар “За баярлалаа, санасандаа хүрлээ. Одоо тарцгаая” гээд эхэлнэ шүү. Эхнээсээ эд нар та нараас урваж Төрийн ордонд юу гэж ярьж явааг сонссон л байх. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл яаж жагсаалыг тараах уу гэдэгт бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон зүйл байсан.

Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг миний зүгээс гаргасан бол УИХ-ын дарга М.Энхболд танаас уучлалт гуйж байна. Уучлалыг минь хүлээн авна уу” гэж ярьсан. Одоо эдгээр гишүүд та бүхнийг “Тарцгаая” гэвэл энэ үгэнд нь битгий ороорой. Угаасаа ийм хүмүүс тодорхой хувь зорилгоо биелүүлчихээд зугтах, мултах, урвах нь өөрсдөд нь байдаг л зүйл мэт болчихсон байдаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2005 оны дөрөвдүгээр сард “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” жагсаал зохион байгуулахад жагсагчдыг дагуулж Төрийн ордон руу зүглэж байлаа. Н.Энхбаяртай уулзаж нүүр тулъя гэж араасаа баахан хүнийг дагуулаад “Чингис” зочид буудалд очоод жагсагчдаас зугтаад алга болчихсонд хүн бүр гайхаж “Энэ хөдөлгөөнийхөн нэг л биш болоод явчихлаа шүү” гэж гомдоллож байсан тухай мэдээ сэлт цагаан дээр хараар бичээстэй үлджээ. Ийм болохоор жагсагчид, ард түмэн бид тэдний “Тарцгаая” гэсэн үгээр таралгүй өөрсдөдөө олдсон боломжоо ашиглах хэрэгтэй. Ийм боломж дахиж бидэнд тохиохгүй шүү. Ямар боломж вэ гэхээр төрийн гурван өндөрлөгийн хоёр нь та бүхнийг дэмжиж байгаа. Дээрээс нь энэ дөрөв, таван гишүүн дэмжиж байна. Та нарт гэр орон бариад өгчихлөө. Хоол унд ч хийж өгч байгаа байх. Мэдээж юу гэж зүгээр суух вэ тав, арван цаас ч авч байгаа биз. Ийм хангамжтай жагсаал ард түмэн бидэнд дахиж олдохгүй. Үүн дээр нь та бүхэн ашиглаад ЖИДҮС-ийнхэнтэй нийлээд ЖАДУС-ынхныг унагаад ав. Дараа нь ЖАДУС-ынхантай нийлээд эргүүлээд ЖИДҮС-ийнхнийг дар. Тэгээд дараа нь аль алинтай нь хамжиж байгаад Засгийн газрыг буулга. Ингэж л ард түмэн шударга бусаас, МАНАН-гаас сална шүү. Үүлэн чөлөөний наран шиг энэ сайхан боломжийг алдаж боломгүй. Тиймээс л ийм газрын зураг гаргаж өгч байгаа юм. Тэгэхгүй бол жагсаалыг оройлж байсан УИХ-ын гишүүд эхнээсээ “Одоо боллоо, больцгооё. Тарцгаа” гээд эхэллээ. Бүх зөвшөөрлийг нь аваад бүрэн тохижуулаад өгчихсөн ийм жагсаал дахиж олдохгүй. МАНАН-г сарниулах газрын зургаа л сайн хар. Тэгвэл төөрөхгүй.