Өнгөрөгч онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг 500 сая төгрөгийн авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан.

Гэхдээ уг мэдээллийг үндэслэлгүй гэдгийг Авилгатай тэмцэх газраас олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд түүнийг өөрийн нэр дээр 87 байр эзэмшдэг гэх мэдээлэл гарах боллоо. Уг асуудлын талаар түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа.

Тэрбээр “Д.Бямба-Очирыг 500 сая төгрөгийн хээл хахууль авч байгаад баригдсан гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Үүнийг "Авилгатай тэмцэх газар"-аас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд албан ёсоор үгүйсгэж мэдээлэл хийсэн.

Харин Улаанбаатар Дулааны сүлжээнд 36жил ажиллаж байгаа Төрийн соёрхолт, дулаан хангамжийн техникийн доктор чадварлаг инженер хүнийг зохион байгуулалттай нэр төрийн гутаах зорилгоор худал гүтгэж байгаад би өмгөөлөгчийнх нь хувьд харамсаж байна.

Сүүлийн үед 87 байртай гэх огт үндэслэлгүй гүтгэлэг гарсаныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн" гэлээ.

Х.Даваа