Эрэгтэй, эмэгтэйчүүдийн унтаж буй байрлал тэдний хоорондын харилцааг үнэн зөв харуулдаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байна. Сэтгэл судлаач Жоао Оливейрагийн судалгаагаар унтсаны дараахь биш харин өглөө сэрэхийн өмнө унтаж байгаа байрлал маш зөв харуулдаг байна. Ингээд эхнэр нөхөр, хосуудын харилцааг харуулж өгөх 10 байрлалыг танилцуулж байна.

10. “Газар нутаг булаацалдах”

Унтах үедээ ийм байрлалд байдаг эхнэр нөхөр хоёр бол хосууд гэхээсээ рингэнд гарсан өрсөлдөгч нар. Тэдний хооронд маш их асуудал байгаа нь тодорхой. Тиймээс тэдэнд нэг нэгнээ хайрлан энхрийлэх хүсэл алга байна. Өөрийгөө илүү гэж батлахыг хүсдэг нь орны хамаг зайг эзлэх гэж оролдоно. Унтаж байхдаа гараа толгойноосоо дээш өргөдөг хүн бол маш зөрүүд байдаг. Тэр бүхнийг хянаж, гэрбүлээ толгойлох хүсэлтэй.

9. “Битгий яв, надтай бай л даа”

Энэ байрлал хэн нэгний биед хүрч байж л өөрийгөө аюул осолгүй гэж мэдэрдэг хүнийг харуулж байна. Энэ бол хайр халамжийн илрэл биш. Ийм хосуудын хэн нэгэнд нь халамж дутаж байна гэсэн үг. Халамж биш гэхэд багахан хэмжээний анхаарал дутагдаж байгаа нь гарцаагүй. Нэгэндээ нуруугаа харуулаад унтаж байгаа хүн өөрийгөө хэт өндөр үнэлдэг этгээд.

8. “Хөл гар орооцолдох”

Бие биендээ маш дотно хосууд ингэж унтдаг. Ийм харилцаа галтай, цогтой байдаг. Гэрлээд удаагүй байгаа залуу хос ихэнх нь ийм байрлалтай унтдаг. Тэд нэг нэгэндээ хүрснээрээ маш их аз жаргал мэдэрдэг. Гэхдээ бас хартай хосууд ингэж унтдаг тал бий.

7. “Давамгайлах”

Нэгнийхээ цээж, эсвэл мөрөн дээр толгойгоо тавьж унтах. Энэ нь хосууд нэг нэгэндээ тун хайртайг харуулдаг. Тэд харилцан бие биеэ бүрэн ойлгодог. Ер нь үлгэр жишээ хосууд.

6. “Гар сунгах зайд”

Ямар нэг хэмжээгээр эрх чөлөөтэй, биеэ даасан байдлыг илтгэнэ. Эхнэр нөхөр хэн хэн нь нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг. Тэд өөрийн гэсэн тусдаа найзуудтай, тэдэнтэйгээ уулзаж, зугаалж цэнгэсэн ч хардахгүй. Учир нь бие биендээ хязгааргүй итгэдэг. Гараа сунгасан нь хайртаа хамгаалахад бэлэн байна гэсэн үг. Харин нөгөөх нь алгаа хацар дороо тавьсан бол аюулгүй амгалан байгаагаа бүрэн мэдэрсэн нь илт. Унтахынхаа өмнө муудалцсан ч бай, эвлэрэхэд хэзээд бэлэн гэдгийг энэ байрлал харуулна.

5. “Халбага”

Нэг нь буруу харж, нөгөө нь араас нь тэвэрсэн байвал энэ гэрбүлд үргэлж хайр халамж байна гэсэн үг. Тэд амгалан тайван, аюул осолгүй сайхан байгааг илтгэнэ. Гэхдээ ямар ч өө сэвгүй гэсэн үг биш. Хосуудын хооронд ямар нэг тодорхойгүй зүйл байна. Хосууд ямар нэг юм гүйцэд ярилцахгүй, нуугаад байгаа юм биш биз.

4. “Чи хол байна”

Нуруугаа ч нийлүүлэлгүй буруу харан хэвтэж байвал маш хурдан шийдвэрлэхгүй бол болохгүй тулгамдсан асуудал байна гэсэн үг. Бие биенээ өрсөлдөгч гэж үзэхээс гадна найз нөхөдтэйгээ дураараа уулзаж учрах эрх чөлөөг хүсч байх магадлалтай. Хэрэв биеэ чангалж, гараа атгасан байвал саяхан тэд муудалцсан, хэн нь ч бууж өгөөгүй байж таарна.

3. “Чи талыг нь, би талыг нь”

Ороо хоёр хуваасан мэт өөр өөрийн зайд унтаж байвал тэдний хоорондын харилцаа сайн. Гэхдээ бага зэрэг асуудал бий. Хэрэв хэн нэг нь буруу харж унтсан бол нөгөөхөө харахыг хүсэхгүй байна гэсэн утгатай. Доош харж унтдаг хүмүүс яриа хөөрөө муу, зожиг байх нь олонтаа. Хөлөө нийлүүлсэн бол тэдний харилцаанд мартаж болохгүй ямар нэг үүрэг хариуцлага байгааг илтгэнэ.

2. “Чамайг толинд харж байгаа мэт л ширтэнэ”

Ингэж унтдаг хосууд өв тэгш хосууд. Өдөр тутмын асуудал, ахуйн ядаргаа тэдэнд ямар ч нөлөөгүй. Тэд хайрт хосууд төдийгүй жинхэнэ үнэнч найзууд. Тэд сэтгэлийн холбоогоо мэдэрч, нэг нэгнээ сонирхох сонирхол нь хэзээ ч буурахгүй. Ийм харилцаа л он удаан жил үргэлжилдэг.

1. “Нуруу нуруугаараа”

Шөнө амрахдаа нуруугаа нийлүүлж унтдаг хосууд нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг ч ойр дотно байхыг эрмэлздэг хосууд. Эхнэр нөхрийн харилцаа эн тэнцүү, харилцан хүндэлдэг, маш бат бэх. Ийм гэрлэлтэд тав тух чухал үүрэгтэй. Хэрэв хэн нэг нь эрх чөлөөгүй байна гэж бодвол аз жаргалгүй болчихно. Бухимдал нь хуримтлагдсаар том хэрүүл болно.