Тавин долоон настай Аллен Турпин, 49 настай Анна Турпин гэх нэг гэр бүлийн хоёр өөрсдийн төрүүлсэн 13 хүүхдээ гинжилж, хоол хүнсний дутагдалд оруулж, бохир заваан нөхцөлд хорьж байсан хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан. Тэгвэл “Аймшигийн байшин” гэж нэрлэгддэж буй гэрийн цочирдом хэрэг үйлдсэн эцэг эхэд шүүхээс 94 жилийн хорих ял төлөвлөөд байна.

Өнгөрөгч ням гаригт 13 хүүхдийн нэг нь болох 17 настай охин нь гэрээсээ оргож, цагдаа нарт мэдээлснээр гэрийн хорионд байсан 13 хүүхдийн талаарх мэдээлэл хэвлэлийнхний чихэнд хүрсэн юм. Цагдаа нарыг хэргийн газар очиход уг айлын 13 хүүхэд цөм хоол хүнсний гүн дутагдалд орсон байдалтайгаар олдсон байна. Тодруулж хэлбэл 12 настай хүүхэд 7 настай хүүхэдтэй ижилхэн биеийн жин, өсөлттэй, харин 29 настай залуу 37кг жинтэй байсан гээд эцэг эх нь тэднийг гэрийн хорио болон хагас өлсгөлөнд байлгаж байсан нь нотлогдсон юм.

Эмч нарын мэдээлснээр Турпинийн гэр бүлийн 13 хүүхдийн хамгийн бага нь буюу 2 настай хүү нь хоол хүнсний дутагдалд орсон байдалтай байсан бол бусад хүүхдүүд нь хүнсний дутагдлаас гадна элдэв төрлийн хүчирхийлэлд өртөж байсан, үүнийгээ дагаад бүгд тодорхой хэмжээний сэтгэцийн өөрчлөлттэй болсон байжээ. Прокурорын мэдээлснээр хүүхдүүд хэрхэн оргох тухай бүтэн хоёр жил ярилцаж, боловсруулжээ.