Өнөөдөр манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд ихэвчлэн БНСУ-ын Huyndai, Киа Моторс үйлдвэрийн  Granbird, Universe маркийн том оврын 45 хүний суудалтай автобуснуудыг үйлчилгээнд явуулж буй. Олон улсад автобус гэлтгүй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд үйлдвэрээс гарахад  дахин давтагдагшүй сери дугаар буюу регистери олгодог гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Ямар улсад хэдэн онд үйлдвэрлэсэн ямар маркийн гээд 17 тэмдэгт бүхий тоо болон үсэг оролцуулан тухайн тээврийн хэрэгслийн салдаггүй эд анги болох кузов эсвэл арал дээр нь цохож тэмдэглэдэг. Үүнийг VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэглэгээ гэж үздэг. 1977 оноос хэрэглэж буй ISO3779-1983 стандартыг автомашин үйлдвэрлэгч 24 улс мөрддөг. 17 тэмдэгтээр тухайн онд үйлвэрлэсэн огноог мөн тохирох үсгээр тэмдэглэнэ. Жишээлбэл, 2004 онд үйлдвэрлэсэн машиныг “4”-ын тоо илтгэх бол 1994  онд үйлвэрлэсэн автобусыг  латин “R” үсгээр илтгэнэ. Түүнчлэн 2012 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг “C” үсэг илтгэнэ.

 

Энэ мэтчилэн 1980-2030 он хүртэлх стандартыг баталсан байна.  Манай улс олон улсын стандартыг өөрийн оронд тохируулж MNS ISO3779: 2010, “MNS 5012:2011-ийг мөрддөг. Уг стандартын “6.4.3-т нийтийн зорчигч тээврийн шугамын үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалттай. Харин БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэснээс хойш найман жил ашиглах заалттай.  Гэтэл манайд зах зээлийн хэрэгцээг ашиглан ашиг олох гэсэн импортлогчид БНСУ, БНХАУ-д ашиглалтаас гарсан хямд үнэтэй  тээврийн хэрэгслийг  хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулагч нэр бүхий хуулийн этгээдүүд, автобус болон автомашинуудын үйлдвэрлэсэн оныг илэрхийлэх үсгийг засварлаж насжилтыг залуужуулж Монголд үнэ нэмж борлуулдаг явдал газар авсан.  Монгол Улсад мөрддөг “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих “MNG 5012:2011 улсын стандартын шаардлага”-ыг хангахгүй хуучин автобуснуудыг  хилээр оруулж ирэн хот хооронд, хотын дотор хүн тээвэрлэж, эрдэнэт хүний амь насыг эрсдэлд оруулж, Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсээр байна. “Автобус шатлаа”, “автобусны угаар их”, автобус уналаа”, “хөлдүү автобус” үйлчилгээнд явж зорчигчдыг хохироож байгаа мэдээллүүд ч үүнтэй холбоотойг эх сурвалжууд ярьж байна. Учир нь насжилт өндөр автобуснуудыг тухайн орондоо хямд үнээр худалдаалдаг. Үүнийг нь ашиглан манай компаниуд худалдаж авсан автобусныхаа  үйлдвэрлэсэн  оныг засч Монголдоо өндөр үнээр борлуулж байгаа нь эрдэнэт хүний амь насыг эрсдэлд оруулж байгаа гэмт үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, он засварласан автобусаа “өшиглөсөн” хэмээн нэрлэдэг аж.  Үүнийг нэр бүхий хуулийн этгээдүүд дан ганцаар үйлдэж чадахгүй. Энэ ноцтой асуудлын цаана тухайн тээврийн хэрэгслийг хилээр оруулж ирэхэд нь шалгаж байгаа Гаалийн байгууллагын болон  хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахад нь хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагын  албан тушаалтнууд үүнтэй холбогдож  албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй гэмт явдлыг газар авахуулж байгаа гэсэн юм. Энэ асуудлаар холбогдох байгууллагын мэргэжилтнээс лавлахад “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 45  стандарт мөрддөгч арлын сери, дугаарыг өөрчилсөн, рамыг гагнасан тохиолдолд замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн стандарт байдаггүй учраас нийтлэг зөрчилд бүртгэж тухайн эзэнд зөвлөгөө өгөх байдлаар явуулдаг. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1272 зөрчилтэй автомашин, автобус  хилээр орж иржээ.  Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 орчмоор их байна. Монголд автомашин болон автобусны арал дээр бичигддэг дахин давтагдашгүй серийн дугаарыг өөрчлөх, хуурамчаар үйлддэг гэх асуудал байхгүй. Харин Солонгос болон бусад улсад үйлддэгдэг байх гэсэн хардлага бий гэж Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх хэлсэн юм. Гэтэл  “өшиглөсөн автобус”-аар зорчигч тээвэрлэж байгааг Зам тээврийн яамны харъяа Авто тээврийн үндэсний төв мэдэхгүй байна гэвэл худлаа. Учир нь тэд автобусны үйлдвэрлэсэн оныг мэдэх тоног төхөөрөмжтэй, мэдлэг чадвартай боловсон хүчинтэй. Тэр ч байтугай “замын зарим албан тушаалтнууд энд тэнд 1-2 автобус ивээлдээ явуулдаг гэх яриаг ч  “Да хүрээ” захын ченжүүд хэлж байсан.

 

 “ӨШИГЛӨСӨН АВТОБУС” ТӨРӨХ ЯВЦ

 

“Автобус өшиглөх” авлигын сүлжээ маш тодорхой учир илрүүлэхэд амархан гэж “Да хүрээ” захын автомашины зарим худалдаачин болон нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан юм. Энэ сүлжээ хэрхэн  ажилладаг, авлигаа яаж өгч авалцдаг тухай эх сурвалж  ярихдаа “Монголоос очсон худалдан авагч А БНСУ-д эсвэл БНХАУ-д 12-оос дээш жилийн насжилттай автобусыг  насжилт багатай автобуснаас 50 хувиас  доош хямд үнээр худалдан авна. Авсан даруйдаа арал дээр байгаа үйлдвэрлэгдсэн он бүхий серийн дугаарыг арилгуулж, оронд нь шинээр серийн дугаарыг компьютерт цохиулна. Ингэхдээ оныг нь 8-9 жилээр ухрааж, залуу автобус болгодог. Үйлдвэрээс гарсан автообус болон автомашины арал дээр  бичдэг үйлдвэрлэсэн он, дугаар,  сери түүний дахин давтагдашгүй шинжийг илэрхийлсэн байх бөгөөд чулуун зэвсгийн үеийн гэмээр эв хавгүй цохигдон бичигдсэн байдаг. Ингээд Гааль дээр очиход гаалийнхан бичиг баримтын бүрэн эсэхэд өөрөөр хэлбэл, гадагшаа худалдагдаж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг орлох үнэт цаасан дээр бичигдсэн он, дугаар, сери нь тээвэрлэлтийн компанийн дагалдах баримт дээр бичигдсэнтэй тохирч байгаа эсэхийг нягтлаад гаалийн бүрдүүлэлт хийж өгнө. Энэ үед гаалийнхан арлын дугаарыг нь  тулгаж нягталдаг. Гэхдээ зөрчилтэй байсан ч авлига аван нүд анин өнгөрөөдөг гэж яриад байгаа юм. Үүний дараа худалдан авагч А тээвэрлэлтийн компанид авлигаа өгч, тээврийн хэрэгслийг ачих дагалдах баримт дээр болон уг машины арал дээр шинээр цохиулсан серийн дугаарыг бичүүлж авна. Тэгээд ачуулсан машинаасаа түрүүлэн Монгол руу ирээд  “Да хүрээ” зах орчимд байрладаг гэрчилгээ хийдэг газарт  авлига өгч нааш ачуулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг орлох үнэт цаасыг шинээр хийлгэж, түүн дээр бичигдэх дугаар, сери нь тээвэрлэлтийн компанийн дагалдах баримт дээр бичигдсэнтэй ижил байхаар бичүүлнэ. Ингээд хил рүү буцаж нааш ачуулсан тээврийн хэрэгслээ угтаж авахдаа хуурамчаар үйлдүүлсэн уг тээврийн гэрчилгээг орлох үнэт цаасыг тээвэрлэлтийн компанийн дагалдах баримтын хамт Гаальд үзүүлээд л “өшиглөсөн автобус”-ыг оруулж ирнэ. Тэгэхээр гаалиар уг автобус зөрчилтэйг мэдсээр байж  авлига аван  өшиглөж оруулж байгаа гэсэн үг”  гэлээ. Түүнчлэн БНХАУ-ын болон Монгол Улсын гааль дээр Монгол Улс руу оруулж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг орлох “үнэт цаас”-ыг хуурамчаар хийлгэснийг тэд мэддэг гэсэн үг. Тэгвэл энд авлигын сүлжээ байна гэсэн үг” хэмээв. Тэгээд ч зогсохгүй худалдан авагч А өшиглөсөн автобусаа  будганд оруулж зарснаар  түүний зовлон дуусаа юу гэвэл бас үгүй гэнэ. Учир нь худалдан авагч Б-д “өшиглөчихсөн шүү” гэж хэлэх нэг ажил үлддэг аж. Ингэснээр цааш үүрэх лайнаас өөрийгөө хамгаалдаг гэв. Өөрөөр хэлбэл, худалдан авагч Б нэгэнт энд зарагдах үнээс 50 хувь  хямд авч байгаа тул хам хэрэгтэн болж энэ хууль бус явдлыг хав дарж  цаашид оношилгооны газарт болон тээврийн хяналтынханд авлига өгч аргалах үйлийн лайг өөрөө үүрдэг гэж тэрээр нэмж хэлсэн юм. Учир нь зорчигч тээврийн автобусыг улирал бүр оношилгоонд оруулах ёстой. Энэ болгонд оношилгооны аппарат нь “өшиглөсөн автобус”-ыг үзээд “уучлаарай энэ чинь хөгшин автобус байна” гээд тодорхойлчихно.  Худалдан авагч Б улирлын авлигаа өгч байж хуурамч оношилгооны бичиг авна. Улмаар оношилгооны газраас улирал бүр хуурамч бичих авахын тулд  авлига өгөх үүрэгтэй. Ингэснээр  2006 онд үйлдвэрлэсэн зорчигч тээвэрлэж болохгүй  хөгшин тэргээр биднийг зөөнө. Авлигад өгсөн мөнгөө гаргаж авна гэж тооцоолдог байна. Энд бичигдсэн асуудлаар иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл зорчигч тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ харилцааг зохицуулагч Авто тээврийн үндэсний төвд удаа дараа хандсан. Тэр байтугай Эрүүгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн ч тусыг эс олсон гэж хуульч О.Мөнхсайхан хэлсэн юм. Учир нь тээвэр зуучлалын компаниуд үүнийг тухайн улсад хийдэг учраас үүнийг баримтжуулахад хүндрэлтэй гэлээ. Түүнчлэн цахимд “unegui.mn сайтад худалдан борлуулахаар тавигдсан зараас шүүлт хийж үзэхэд тодорхой байлаа. Тухайлбал, 2019 оны 1195178 дугаартай зард 2017 онд орж ирсэн “Universe” маркийн автобусыг эх сурвалж шалгаж үзэхэд 2008 онд үйлдвэрлэсэн автобусыг 2012 онд үйлдвэрлэсэн болгож зассан. Мөн Киа гранбирд маркийн 2009 онд үйлдвэрлэсэн гэх зургаан автобусыг тодруулахад тус автобусыг тухайн онд үйлдвэрлээгүй байх жишээтэй. Энэ мэт олон зөрчилтэй зар олон байгааг тоочоод барахгүй.

 

АВТОБУС ӨШИГЛӨХ” АВЛИГЫН СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЭХЭД ХЯЛБАР

 

“Өшиглөсөн автобус”-ны авлигын сүлжээг илрүүлэх маш амархан гэнэ. Гагцхүү түүнийг хүсэх эс хүсэх нь л асуудал үүсгэж байна. Яаж таслан зогсоох вэ гэвэл нэгдүгээрт, одоо явж байгаа зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг бүгдийг нь ХЗДХЯ, ЗТЯ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар, Авто тээвэрчдийн холбооны төлөөлөл бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүний хяналт дор оношилгоонд оруулан, “өшиглөсөн автобус”-нуудыг замд гаргахыг хориглох. Хоёрдугаарт, “Да хүрээ” зах орчим байгаа  гэх нааш ачуулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг орлох үнэт цаасыг хуурамчаар хийж, түүн дээр бичигдэх дугаар, сери нь тээвэрлэлтийн компанийн дагалдах баримт дээр бичигдсэнтэй ижил бичдэг сүлжээний үүр уурхайг илчлэх. Гуравдугаарт, энэ ноцтой гэмт хэрэг, түүнийг үйлддэг арга барилын талаар Эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй Гадаадын улсад мэдээлж, тухайн орныхоо Тээвэрлэлтийн компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулахыг, мөн гаалийн үйл ажиллагаанд хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ бүхий гадаадын улсын гаалийнхнаас гааль дээр ирсэн тээврийн хэрэгслийн арлын дугаар нь тээвэрлэлтийн компанийн дагалдах бичиг баримт болон уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг орлох үнэт цаасан дээрх мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтлан үзэх гэсэн компанит ажил хийхэд л илрэх боломжтой. Гагцхүү шалгах эсэх нь төрийн хүсэл санаачлагаас шалтгаална.

 

Үргэлжлэл бий.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин