Сар шинийн баяр дуусч, маш их хэмжээний боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн үлддэг. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнүүдийг идэж дуусгахын тулд янз бүрийн арга туршиж байгаа биз. Хамгийн ихээр үлддэг зүйл бол хэвийн боов. Шар тос ихтэй учраас хатаж, муудах нь бага ч гэлээ олон сарын хадгалалт даах нь юу л бол. Тиймээс гэрийн эзэгтэй нар хэвийн боовыг нунтаглаж, элдэв амтлагчаар амталж, өнгө оруулан, тоорт, кекс хийж идэх нь элбэг байдаг. Овоон дээр аваачаад хаячих л үгүйгээр хүнсэндээ хэрэглэж байгаа нь таатай.

Гэвч цагаан сарын хэвийн боовыг дахин боловсруулж хэрэглэх нь сөрөг үр дагавартай болохыг хоол судлаачид тайлбарлаж байна. Энэ талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжаваас тодруулахад “Орчны бохирдолтой энэ үед бидний нүдэнд үл үзэгдэх тоос, тоосонцорууд гэрт ширээн дээр ил хоёр, гурав хоносон идээнд наалдсан байдаг. Ширээний тоос арчихгүй нэг хоноход л нүдэнд үзэгдэж, гарт мэдрэгдэх ямар их тоос байдаг билээ. Тэгэхээр яг л тэр хэмжээний тоос, тоосонцорууд хэвийн боовон дээр наалдаж байна гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр ширээн дээр 3-4 хоног ил тавьсан хүнсийг буталж, боловсруулан, амт оруулагч, тос, масло, чихэр нэмээд дахин дулааны ажиллагаанд оруулна гэдэг бол яав ч эрүүл хооллолт биш.

Мөн хэвийн боов өөрөө хийгдэхдээ маш их өөс тосыг агуулсан байдаг. Шар тос, цөцгийн тос, трасс тос, маргарин гээд янз бүрийн зүйл хийсэн байж болно. Чихэр ч найрлаганд нь багтаж байгаа. Дээрээс нь өөрийг нь тосонд шарж болгосон байдаг. Тэгэхээр хэвийн боовны шим тэжээлийн агууламж нь асар өндөр байдаг. Гэтэл дахиад дээр нь чихэр хийгээд масло, өндөг хийгээд бялуу хийнэ гэдэг бол дотор байх ёстой чихэр тосны агууламж асар өндөр болж байгаа юм.

Ер нь бол дээр үед агаар цэвэр байсан орчинд магадгүй нэг хоёр хоног ил байсан хүнсний бүтээгдэхүүн аюул багатай байсан байж магадгүй. Одоо хотжилт явагдчихсан ийм нөхцөлд ийм байдлаар хоол хүнсийг удаан хадгалж иднэ гэдэг бол өөрөө эрүүл зөв хооллолт, аюулгүй хооллолт гэдгийг зөрчиж байгаа юм. Яалт ч байхгүй бид зан заншлаа эвдэж чадахгүй. Бэлэг дэмбэрэлийнхээ үүднээс таваг засаад баяр тэмдэглэж байна. Гэхдээ зан заншлаа эвдэх гээд байгаадаа биш бид нарын амьдарч байсан орчин өөрчлөгдсөнд байгаа юм.

Юутай ч бидний амьдарч байгаа орчны агаарын бохирдлоос шалтгаалаад хоёр, гурав хоног ширээн дээр байсан хэвийн боовонд тоос, тоосонцор нуугдсан байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь боловсорсон бүтээгдэхүүнийг задлаж, амтлагч чихэр тос, нэмээд дахин боловсруулж, торт, бялуу хийхэд хүний биед очих ёстой тосны хэмжээ төдий хэрээр ихсэнэ гэсэн үг. Ер нь бол иргэд шим тэжээлийн бодисоор дутагдаж, давс чихрээр илүүдэж байна. Энэ харьцаа алдагдчихаад байгаа учир янз бүрийн өвчнөөр их өвчилж байна” гэсэн тайлбарыг өгчээ.