Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: Иргэний амь нас эрүүл мэндийг хамгаалдаг учир хариуцлага маш өндөр

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарыг урьж ярилцлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин  2019-02-21 Сэтгүүлч Г.Цолмон

Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үндсэн чиг үүргийн тухай яриагаар ярилцлагаа эхлэе

-Манай хэлтэс нь иргэний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй.  Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  13 дахь бүлэгт хуульчилсан, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулинд заасан иргэний аюулгүй байдлыг хангах, арга хэмжээг улсын хэмжээнд мэргэжил арга зүй, удирдлагаар хангах,  Улаанбаатар хотод биечлэн хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр 2016 оны 8 дугаар сарын 11 нд  цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад орсон, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгж юм.

Ер нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах онцлог чиг үүрэг манай байгууллагад хэрэгжиж байгаа. Учир нь Олон улсын түвшинд ярих юм бол энэ чиг үүрэг олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн хэрэгжиж байгаа. Манай улсад 2014 онд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай  хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Тахарын ерөнхий газар гэж байгууллага байгуулагдаад энэ чиг үүргийг авч хэрэгжүүлж байсан.

Гэрч, хохирогч гэдэг ойлголтын хүрээнд бүхэлдээ иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг учир хариуцлага маш өндөр. Манай иргэд, хууль хэрэгжүүлэгч, субьектүүд эрх зүйн хүрээнд ойлгох ойлголт  дутмаг байна.

Эрх зүйн орчин байгаа боловч үүнийг авч хэрэгжүүлэх үйл явц нь практикт нутагшуулах ажил дутмаг яваад байгаа. Гэрч, хохирогчоосоо гадна иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

Гэрч, хохирогч гэдэг бол: Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, бусад байдлаар  хохирсон, нотолгоожуулах этгээд. Мөн хохирсон этгээдэд дахиж учирч болзошгүй  эрсдлүүдээс тэр дундаа  гэрч, хохирогчийн өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдүүдэд нь заналхийлэх, дахин гэмт хэрэг  үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор  явагддаг учраас хариуцлага өндөртэй.

Гэрч, хохирогч нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үндсэн оролцогч. Оролцогчоос гадна тухайн хэргийг нотолгоожуулах, нотлох баримтыг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэсэн этгээд байдаг учраас тухайн хэргийн яллагдагчийг шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтооход чухал үүрэг хүлээсэн учраас дээр дурьдсан хариуцлагын эрсдэл үүсэх хэлбэр их өндөр байдаг. Энэ утгаараа гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын  гүйцэтгэх чиг үүрэгт тодорхойлогдсон.

Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад хоёр жил боллоо. Хууль хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байна вэ. Та бүхэн шинээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Зөвхөн гэрч, хохирогчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах ажил маань  иргэн болоод дурьдсан субьектууд ч тэр ямар нэг хүсэлт гаргаснаас хэрэгждэг гэсэн ойлголт байдаг.  Одоогийн тогтоож өгсөн үүрэг,эрхийн хүрээнд хуулиндаа  зааснаар Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бол прокурорын шийдвэрээр, шүүхийн шатанд бол шүүгчийн захирамжаар явагддаг.

Гол үндэс нь гэрч, хохирогчийн  /иргэний/  амь нас, эд хөрөнгө эрүүл мэндэд болон хамаарал бүхий этгээдүүдийнхээ амь насанд заналхийлэл учирсан байхад хэрэгжүүлнэ. Заналхийлэл гэдэг маань  тухайн гэрч, хохирогчийн эмь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох зорилгоор тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс явагдаж байгаа субьектив санаа, сэдэл, үйлдэл юм. Энэ сэдлийг хэрэгжүүлэхгүй байх үүднээс таслан зогсоох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэх нийтлэг үүрэгтэй ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага энэ хоёр жилийн хугацаанд  гэрч, хохирогчйин аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл,  аюулгүй байдалд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд  ажиллаж, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль,  Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд гүйцэтгэх үүрэг, эрх хуульчилагдсан.

-Үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, автомашин, ажлын байр, хүний нөөцийн асуудлууд шаардлага хангах хэмжээнд хүрсэн.  Мэдээж хэрэгцээ шаардлага нэмэгдэх нь тодорхой

-Гадаад улсааас  гадаадын иргэн хохирогч иргэн хүлээн авч, аюулгүй байдлын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулж алба хаагчид мэргэших бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үүрэг хэрэгжүүлсэн.

-Нэр бүхий иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн этгээдийг  Цагдаагийн албаны тусгай хүч, хэрэгсэлийн дэмжлэг авч, эрэн сурвалжилж,  баривчилж заналхийллийг таслан зогсоож, гэмт үйлдлийг илрүүлсэн

-Монгол улсын ГХХТХ-н 25,23 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж орон нутагт  иж бүрэн  ажиллагааг  хэрэгжүүлж, иргэний амьдрах, ажиллах, сурах нөхцлийг хангасан зэрэг олон ажлыг  цагдаагийн алба хэрэгжүүлсэн.

-Монгол улсын гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэрэгжүүлж, Хууль зүй дотоод хэргийн яамны сайдад танилцагдаж байна гэх зэрэг ажлуудыг дурьдаж болно.

Танай албанд ямар алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц ямар байгаа вэ?

Манай албанд дандаа эрүүгийн мөрдөгч нар ажилладаг. Эрүүгийн мөрдөгч нар ажиллаж байгаа учраас Гүйцэтгэх ажлын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль гэх бүх эрх зүйн орчинд үйлчилж байгаа.

Энэ эрх зүйн орчнуудыг шйидвэрлэх гэж бид Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулинд тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулсан. Одоо дахин нэмэлт өөрчлөлт оруулаад төслийг боловсруулаад санал маань Хууль зүй Дотоод хэргийн сайдад танилцуулагдаад хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдвал нийгэмд үүссэн шинэ харилцаануудад нийцүүлсэн,  практикаас урган гарч байгаа зарим төрлийн асуудлууд шийдэгдэнэ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 10-р зүйлд нь цагдаагийн нэгж албадуудын чиг үүргүүдийг тодорхойлж өгсөн. Энэ чиг үүргүүд дотор “Цагдаагийн байгууллага Гэрч хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж  хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлогдсноор бол Гэмт хэрэгтэй тэмцэх үүргийн бүтэцд хамаарч байгаа юм. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13-р бүлэгт “Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор нэг бүлэг” орж ирсэн.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9-р зүйлд “Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангахад Гүйцэтгэх ажил явуулна” гэж зааснаар  эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, зохицуулалтыг хийж, холбогдох яамдууд,  төрийн болон төрийн  бус байгууллагууд хамтран ажиллах талаар олон журмууд ч мөн гарсан. Ер нь дэлхий даяараа аюулгүй байдлыг чухалчилж байна. Орон нутагт Эрүүгийн цагдаагийн тасаг нь энэ үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дорноговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай гэх мэт аймгуудад энэ арга хэмжээ хэрэгжиж байна. Нэг иргэний аюулгүй байдлыг хангахад маш их  хөрөнгө мөнгө, цаг хугацаа, зардал гардаг. Том үүрэг гүйцэтгэлийн түвшин явагдаж байна гэж ойлгож болно.

Танай хэлтсийн чиг үүргийн хүрээнд түр хамгаалах байр байгаа юу?

Гэрч хохирогчийг хамгаалах нь өргөн хүрээтэй ойлголт. Тухайлбал түр хамгаалах байр бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу гэр бүл хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хяналтад авч байгаа ойлголт л доо. Үйл ажиллагааны журамд зааснаараа манай цагдаагийн албаны түр хамгаалах байрууд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг тодорхой хугацаанд хянан харгалзаж байгаа.

Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр байрны асуудал, нууц байрын асуудал бол өөр. Манайхан энэ хоёрыг хольж ойлгоод байдаг. Цагдаагийн байгууллагад төв орон нутагт хаана ч түр хамгаалах байр байна.

Бидний хэрэгжүүлж байгаа чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах  ажиллагаанд  нотолгоожуулах үүрэг гүйцэтгэгч болж байгаа гэрч хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгө хамаарал бүхий этгээдүүдтэй нь давхар хариуцаж байгаа асуудал. Эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүд, тэдний ээж аав гээд ураг саднаар нь хариуцдаг. Энэ хоёр бол цар хүрээ, хариуцлагынхаа хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага, алба хаагчдынхаа чиг үүргийнхээ хүрээнд маш өргөн ойлголттой л доо. Үүгээрээ ялгаатай.

Цагдаагийн алба хаагчид хуулин дор  ажиллаж байгаа учраас прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй түр хамгаалах байруудыг ашигладаг. Энэ бол хүч, зохицуулалтын асуудал учраас гэмт хэрэгтэй тэмцэх  үүрэг  гүйцэтгэж байгаа жижүүр, поост, харуул хамгаалалт гээд хүмүүсийн оролцоотойгоор хянан харгалзах тохиолдол цөөнгүй байна.

Олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тохиолдол байна. Жишээ нь Улаанбаатар хотод хүчирхийллийн хүний эрхийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26 байгууллага байна.

Алба хаагчид, иргэд хуулиа судлах шаардлагатай. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд “Аюулгүй газарт түр байрлуулах” гэсэн ойлголт байдаг. Үүнийг олон байдлаар бид ашиглаж хэрэгжүүлдэг.

Тэгвэл цар хүрээний хувьд нэлээн өргөн ойлголттой гэж хэлж болох юм байна.

Тэгэлгүй яахав. Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажил нь одоогийн хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулиар тодорхойлогдсон, хамгаалагдсан, бүх төрлийн гэмт хэргийн гэрч, хохирогч иргэнд хамаатай.

Цагдаагийн ерөнхий газрын дарга нь цагдаагийн албаны тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд  гаргасан шийдвэрээр тодорхой нийгмийн харилцааг  зөрчиж байгаа үйл явдлыг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор чиг үүрэг бүхий байгууллагуудыг  нэгтгэх, үүрэг хэрэгжүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргасан тохиолдолд зарим төрлийн хамаарал бүхий субьектуудыг бид хамгаалалтад авсан.

Олон нийтийн хамгийн сайн мэдэж байгаагаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 60 тэрбумын гэх хэрэгт “Доржзодов” гэж иргэнийг бид хамгаалалтад авсан.  Энэ чиг үүргийг  дан ганц цагдаагийн байгууллага гүйцэтгэдэггүй. Хуулиар харьяалуулсан хэрэг гэж байна. Жишээлбэл Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газрын  мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалллын хэргүүдийн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах нэгж байхаар хуульчилсан байдаг.

Танай хэлтэс байгуулагдаад нийтдээ хэдэн иргэний эрхийг хамгаалсан тоо баримт байна вэ?

2018 онд 51 арга хэмжээний 65 иргэний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Нэг арга хэмжээний тогтоол, шийдвэр дээр хамаарал бүхий этгээдүүдийг нь бас хамгаалах шаардлага гардаг учраас ийм тоо гарч байгаа юм. Нэг хүний амь насыг хамгаална гэдэг асар хариуцлагатай асуудал.

Жишээ нь.  Дэлхийн хүн төрөлхтөний эсрэг, үндэстэн дамнасан учирч болзошгүй эрсдлүүдийг нотолгоожуулах  үүрэг гүйцэтгэсэн  нэг гэрчийг бүх насаар нь хамгаалсан. Тэр хүн 49 настай хамгаалалтад ороод 80 настай бурхан болтол нь 30 гаруй жил хамгаалсан гэдэг тохиолдол хөгжсөн оронд байна.

Хугацаа бол ингэж явагддаг. Манайд ч бас ийм зүйл гарахыг үгүйсгэхгүй. Бид хамгийн дээд тал нь 2 жил орчим иргэнийг  хамгаалалтад авсан. Энэ хэрэг Тахарын ерөнхий газар байхаас дамжаад цагдаагийн байгууллагад ирээд дуусгасан. Тухайн хэргийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тэр хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэл арилсан тохиолдолд сая үүргээ зогсоодог. Тэр айлын гурван гишүүнийг ажил  сургуулийн орчиноос эхлээд аюулгүй байдлыг нь харгалзан үздэг. Үүнээс хүний амь нас ямар үнэтэй вэ гэдэг нь харагдаж байна.

Алба хаагч нарын хүний нөөцийн асуудал хэр хангалттай байгаа вэ?

Би цагдаагийн байгууллагын олон газартажиллаж байсан. Ер нь бол цагдаад байнга л хүн хүчний хэрэгцээ өндөр байдаг. Одоогийн байдлаар шаардлагатай тохиолдолд  НХЖХОНАБХА бусад алба, хэлтсүүдээс нэмэлт хүч авч, татан оролцуулан ажиллаж байгаа.

Манайд хэлтэст алба хаагч үүрэг гүйцэтгэхийн тулд бие бялдар, боловсрол, гадаад хэл гээд нэлээн өндөр шалгуур бий. 1 метр 80 тай иргэнийг намхан хүн хамгаалаад яг үүрэг гүйцэтгэж чадах уу? Мөн гадаадын иргэнийг ямар ч гадаад хэлний боловсролгүй хүн хамгаалж болох уу? гээд ярих юм бол их зүйл байна. Нэг иргэнийг хамгаалахын тулд эхнэр, гурван хүүхдийг нь хамгаалах шаардлага гарч, хэд хэдэн  алба хаагч ил далд хэлбэрээр хамгаалах ёстой болдог.

Эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээр хамгаалуулаад байж болох уу? гэх мэт. Алба хаагчийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд олон асуудал байна. Хамгаалуулж байгаа хүн ресторан дотор тахиа гахай шарж идээд, гадаа нь манай алба хаагчид хуушуур идээд суугаад байж болохгүй биз дээ.  Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Одоогийн алба хаагч нар маань үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа ч энэ тал дээр бид цаашид илүү их анхаарах болно.

“Цагдаа” сэтгүүлээр уламжилан мөр зэрэгцэн  ажиллаж байсан, үүрэг гүйцэтгэж  байгаа алба хаагч нартаа шинэ оны мэнд хүргэе