Уильям Баклэнд (1784–1856)

Британийн геологич палеонтологич, Лондоны хатан хааны нийгэмлэгийн гишүүн тэрбээр Мегалозавр хэмээх үлэг гүрвэлийг нээсэн эрдэмтэн юм. Тэр бас хүн төрөлхтөн эрүүл амьдрахад зараа, аалз, шимэгч хорхой, тэмээн хяруул, арслан гээд бүхий л амьтан хэрэгтэй гэж үздэг байж. Түүнийг сүмд явж байхад нь тэндхийн гэгээнтэн шалан дээр үргэлж улаан толбо бий болоод байх юм гэж ярьжээ. Уильям Баклэнд (William Buckland) шууд л өвдөг дээрээ сөхрөөд шалыг хэлээрээ долоож үзээд “Энэ чинь зүгээр л хулганын шээс байна шүү дээ” гэсэн гэдэг. Уильям нэг удаа өөрийн найз лорд Харкордынд зочилж очоод тэдний гэрт байсан хамгийн үнэ цэнэтэй зүйл болох Францын хаан Людовикийн занданшуулсан зүрхийг лордын гараас булааж аваад шууд идчихсэн гэдэг. Яагаад тэгснийг ёстой хэн мэдлээ.

 

Чарльз Бэббиж (1791–1871)

Математикч, зохион бүтээгч Чарльз Бэббиж (Charles Babbage) орчин үеийн компьютер, тооцоолон бодох машины үндсийг тавьсан хүн юм. Гэхдээ тэрбээр хоёр хөлдөө модон хавтан хүлээд усан дээгүүр явах гэж байгаад туршилтынхаа үеэр арай л живчихээгүй гэдэг. Тэр бас хүний бие халууныг хамгийн ихдээ хэдэн градус тэсвэрлэж чадах вэ гэдгийг турших гэж шарах шүүгээнд орж байсан гэнэ. Түүний бичиж үлдээснээр бол өөрөө 120 градуст тэссэн гэдэг ч итгэхэд бэрх юм.

 

Жон Холдейн (1892–1964)

Биологич, олон шагналын эзэн эрдэмтэн Жон Холдейн (John Haldane) олон туршилтыг өөр дээрээ хийж байжээ. Нэг удаа тэрбээр юу болохыг нь үзэх гэж нэг лонх давсны хүчил уусан гэнэ. Төдийлөн анзаарагдахгүй болохоор нь кальцийн хлор их хэмжээгээр уужээ. Азаар ноцтой зүйл болсонгүй, харин эрдэмтэн гэдэс нь эвгүйрхэж, хэд хоног туулгаад өнгөрсөн байна.

 

Жек Парсонс (1914–1952)

Жек Парсонс (Jack Parsons) бол анхны шингэн түлш бүхий тийрэлтэт хөдөлгүүр бүтээсэн авьяаслаг зохион бүтээгч юм. Тэрээр тун удахгүй дэлхий дээр Антихрист унаж ирнэ гэж итгэдэг байсандаа ч үүнийг сэдсэн байж болох. Жек бас шинжлэх ухааны тусламжтайгаар янз бүрийн мөргөл шүтлэгийн ачаар “Шидэт хүүхэд” гарган авч дэлхийг аварна гэдэгт итгэдэг байжээ. Үнэхээр тэгсэн эсэхийг хэн мэдлээ.

 

Хенри Хэд (1861–1940)

Хенри Хэд (Henry Head) бол Английн сэтгэл судлаач, ХХ зууны эхээр хүний мэдрэлийн системийн бүцийг судалсан хүн юм. Тэрээр хүн мэргэжлийн боловсрол эзэмшихгүйгээр тархи мэдрэлийн гэмтлийг зөв тодорхойлж оношилж чадахгүй гэж үздэг байв. Тэгээд дахин сэргээх үйл явцыг судлахын тулд өөрийнхөө хоёр гарын мэдрэлийн судсыг тасалж байсан гэнэ. Ер нь тэр өөр дээрээ нийт 167 туршилт хийсэн гэдэг.

 

Никола Тесла (1856–1943)

Никола Тесла (Nikola Tesla) агуу ухаантан байсан ч мөн л гаж сэтгэхүй араншинтай нэгэн байж. Тэрээр хий юм харах сэтгэцийн эмгэгтэй шиг загнаж, хүний үс, гялгар болон бөмбөрцөг хэлбэрийн зүйлээс ухаангүй айдаг байсан гэнэ. Эрдэмтэн бас тагтаанд ухаангүй хайртай, гурав гэсэн тоонд үнхээр дуртай нэгэн байжээ. Тэрбээр байшинд орохынхоо өмнө гурвантаа тойрдог, буудалд заавал гурван номерын өрөөнд ордог, зөвхөн гурав дахь ширээнд суудаг байсан гэнэ.

 

Бонуст нь Исаак Ньютон (1643–1727)

Аугаа зохион бүтээгч Исаак Ньютон (Isaac Newton) алиманд ухаангүй дуртай, мууранд хайртай нэгэн байсан гэнэ. Тэрбээр муураа чөлөөтэй орж гарч байг хэмээн хаалгаа доод хэсгээр нь хөрөөдөн жижигхэн дөрвөлжин цонх гаргаснаараа анхдагч болсон гэдэг. Гэхдээ энэ нь ямар ч тэнэг зүйл биш, харин ч өнөөг хүртэл амьтанд хайртай бүх хүнд хэрэг болж байгаа билээ.