УИХ-аас Монгол Улсын 2014 оны төсвийг батлахдаа Монгол Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгсөн. Тэгэхээр Засгийн газар ДНБ-ний 40 хувьд бариулж гадаад өр тавих эрх нь нээлттэй гэсэн үг.  Тэгвэл  өнөөдөр энэ заалт зөрчигдсөн байх магадлалтай хардлага төрж байна.  

Тодруулбал,  Монголбанк болон шинэчлэлийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөгийг оруулаад манай улс нийт 3 төсөвтэй болсон. Эдгээрийг нэгдсэн нэг төсөвт оруулбал өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 71. 7 хувь болж байгаа юм. Гэтэл Чингис богдын 1.5 тэрбум долларын зээл болон үнэ тогтворжуулах  3 их наядаа нэмээд үзэхээр өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрээд 71.7 хувь болчихсон байна. Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд 420 орчим төгрөг буюу энэ оны төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын 6.3 хувийг жил бүрийн зээлийн үйлчилгээнд төлнө. Иймээс төсвийн орлогоо жил бүр 6.3-аас дээш өсгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Улсын нийт гадаад өр 17,4 тэрбум ам. долларт хүрчихлээ.  Хүүг 10 хувь гэж тооцвол жилд дунджаар 1.74 тэрбум ам. доллар буюу ДНБ-ий 17, 4 хувь болж байгаа юм. Энэ бол  өнөөдрийн бодит байдал.

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2012 оны хамтарсан судалгаагаар бага орлоготой орнуудын Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас давбал эрсдэлтэй, 70 хувьд хүрвэл маш өндөр эрсдэлтэй гэж үздэг.  

Тэгвэл манай улс санхүүгийн асар хүнд байдалд байгааг Сангийн сайд Ч.Улаан батлаад өгчихлөө.   Тодруулбал:  “Монгол Улсын гадаад болон дотоод өр зээлийн хэмжээ нийлээд ДНБ-ий 50 хувьтай дүйж байгаа нь сэтгэл зовоох хэмжээ биш. Учир нь нийт өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьд хүрвэл аюултай гэж хуульд заасан байдаг. 2012 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өр хоёр их наяд 34 тэрбум төгрөгтэй тэнцэж буй бол дотоод өр Засгийн газрын үнэт цаасны өр зээл нэг их наяд 23 тэрбум төгрөг байна. Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өр нэг их наяд 443 тэрбум төгрөг бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага аж ахуйн нэгжийн 168 тэрбум төгрөгийн өр бий. Эдгээрээс гадна Засгийн газраас гаргасан баталгааг өрд тооцдог болсон. Одоогийн байдлаар Хөгжлийн банк болон олон улсын зах зээлд 786,7 тэрбум төгрөгийн баталгаа гаргаад байгаа. Монгол Улсыг өрийн дарамтгүй авч явах ёстой гэсэн гишүүдийн шаардлагатай санал нэг байна” гэж мэдээлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл та бидний хайрт эх орон өрийн дарамтад орчихоод байгааг илтгэж байна.

Өр, бонд, зээл бол хандив, буцалтгүй тусламж биш.  Өр  их тусмаа эргэн төлөлт нь их байна.  Их өрийг  татвар төлөгчдийн мөнгөөр, улсын төсвөөр төлнө. Тэгэхээр энэ их өр зээл,  бондоо больж ДНБ-ийнхээ хэмжээг нэмж, эдийн засгаа өсгөхөд анхаарахгүй бол  улс орны хувь заяа хэцүүхэн л байна шүү