Монгол морьтой итали аялагч Саратов хүрлээ

Монголоос хоёр морь хөлөглөн Европыг зорьсон итали бүсгүй Паола Жакомини ОХУ-ын Саратов мужийн Марксовскийн районы Ястребовка тосгонд өчигдөр хүрэлцэн очсон байна.

39 настай итали бүсгүй тэртээ дундад зуунд татар монголчууд Европыг байлдан дагуулсан тэр замыг давтан туулахыг хүсч өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Монголоос хоёр морьтой гарчээ.

“Тэртээ 1241 онд татар-монголчууд Польшийн Краков хотыг зорьж ирэн эзэлж авсан. Тэгэхэд Монголын нэг харваач Гэгээн Марийн сүмийн цамхаг дээрх бүрээчийн хүзүүг харван алсан түүхтэй гэдэг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл энэ хотын дээгүүр тэр бүрээчийн бүрээн дуу тасрахгүй байдаг.

Хэдэн зууны өмнө болсон энэ аймшигт явдлыг сайхнаар төгсгөх гэж би энэ замаар аялж тэр бүрээчид амар амгаланг өгөх гэж явна” гэж Паола ярьжээ.

Паола бүсгүй Монголоос гарахдаа урт дэлтэй хоёр морь худалдан аваад гарсныхаа нэгийг Чегер буюу “Шууд” нөгөөг нь Custode буюу “Хадгалагч” гэж нэрлэсэн гэнэ.

Бүсгүй аяллынхаа туршид суурин газарт бараг хоноогүй, голдуу майханд хонож явсан байна. “Би дулаан хөнжилтэй, гадаа ямар байх нь хамаагүй. Хөдөөгийн дэлгүүрүүдээс ус худалдаад авах юм уу, голын цэвэр ус уудаг. Авч явах, хадгалахад мах л хэцүү байдаг болохоор махнаас бараг гарч байна даа.

Ингэж явах нь надад жаргалтай байна” гэж Паола ярьжээ.