Та стрессээс гарах аргаа хайхаас өмнө ямар шалтгаанаас үүдэн бий болсныг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ стрессийн уг сурвалжийг өөрийн зуршил хандлагаас хайх хэрэгтэй. Стресс мэдээж гадаад олон төрлийн хүчин зүйлээс үүдэн гарсан байж болох ч үүнд хандаж буй таны хандлага чухал.

Стресс чинь таны ажил, амьдралтай холбоотой байна уу. Намайг тойрсон бүх зүйл намайг галзууруулах гэж байна гэж та боддог уу. Эсвэл энэ нь таны бие хүний нэгээхэн хэсэг болчихсон байна уу. Өөрөөр хэлбэл, та “Би угаасаа л их ууртай, тэгээд л болоо” гэж боддог уу.

Та стресст орохоороо бусад хүн юм уу гадны нөлөөллийг буруутгадаг. Ихэвчлэн хамт ажиллагсад, дарга эсвэл найз нөхөд болон гэр бүлийн шалтгаан, ажил алба цаашлаад нийгмийн үзэгдлээс шалтгаалан таны сэтгэл хямарсан гэж та боддог уу.

Стресс үүсгэдэг хүчин зүйлүүд

-Зуд ган гэх мэт байгалийн гамшигт өртөх

-Мал сүргээ алдах

-Хүүхдийн буруу хүмүүжил

-Гэр бүлийн хэрүүл, маргаан

-Бие, сэтгэлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх

-Ойр дотны хүнээ алдах

-Гэр бүл салах

-Ядуурал ажилгүйдэл орно.

Стрессийн үед илрэх шинж тэмдэг /бие махбодийн талаас/

-Амьсгал бачуурах, зүрх дэлсэх, өвдөх

-Толгой өвдөх, чих шуугих

-Ам цангах

-Биеийн энд тэнд тааламжгүй сэрэл үүсэх /халуу оргих, хүйт даах, хатгах, хорсох, чичрэх/

-Булчин чангарах /нуруу, хөл, гар өвдөх/

-Ядрах

-Гүйлгэх эсвэл өтгөн хатах

-Нойр хямрах

-Хоолны болон бэлгийн дур буурах

Сэтгэл хөдлөл талаас

-Сэтгэл түгших

-Бухимдаж уурлах

-Айж, ичих

-Уйламтгай болох

-Гэмших, гаслах харамсах

-Өөрийгөө буруутгах

Танин мэдэхүйн талаас

-Мартамхай болох

-Анхаарал төвлөрөх чадвар буурах

-Сэтгэн бодох чадвар буурах

-Шийдвэр гаргах зориггүй болох

-Улигт бодолд автах

Төрх үйлийн талаас

-Зөрүүдлэх

-Хүчирхийлэл үйлдэх

-Ёс бусын зан гаргах

-Залхуу болох

-Архи, тамхи хэтрүүлэх хэрэглэх

Дээрх шинжүүдээс гурваас доошгүй илэрч байвал та стресст өртсөн байна гэсэн үг. Иймд та стрессээ зүй зохистойгоор даван туулах чадвар эзэмших хэрэгтэй. Үүнд:

-Стресст өртсөн байна гэдгээ мэдэж, хүлээн зөвшөөрөх

-Стресст хүргэсэн зовлон шалтгааныг ойр дотнын хүндээ сайх ярих

-Өөрийгөө ятган зоригжуулах

-Ойр дотнын хүн, үр хүүхдэдээ захиа бичих

-Хоол идэх дур хүсэлгүй байсан ч чанартай сайн хоол идэх

-Тайван бөх унтаж амрах

-Цэвэр агаарт зугаалах

-Биеийн хүчний хөдөлмөр хийх

-Биеийн тамирын дасгал хийх

-Дэмжих бүлгийн цугларалтад оролцох

-Архи уух дур хүслээ тэвчих

-Тайвшруулах амьсгалын дасгал хийгээрэй. Тухайлбал, 10-1 хүртэл тоолж, гүнзгий амьсгалаарай. Эхлээд дотроо 10 гэж тоолон гүнзгий амьсгал авч амьсгалаа удаан гаргана. Дараа нь ес гэж дотроо тоолон гүнзгий амьсгал авч мөн удаанаар гаргана. Гэхдээ амьсгалаа гаргах агшинд 10 гэж тоолон амьсгалснаас илүү тайвширч байна гэж бодно. Энэ мэтчилэн нэг хүртэл тоолж дуустал амьсгалын дасгал хийхэд стресс бүрэн тайлагдана.
Мөн гурван секундийн турш гүнзгий амьсгал аваад гурван секундийн турш авсан амьсгалаа удаанаар гаргана. Гурван секундийн турш амьсгалаа түгжинэ. Дасгалыг дахин давтан хийнэ. Энэ дасгалыг өглөө, оройд 10 минутаас доошгүй хугацаагаар хийхэд таныг стрессээс гарахад сайн үр дүн өгнө.
Сэтгэл гутрах, юманд идэвх сонирхолгүй болох, сэтгэл тавгүйтэх нь стрессийн шинж тэмдэг илэрч таны өдөр тутмын үйл ажиллагаан сөргөөр нөлөөлнө. Та өөрөө стрессээ даван туулж чадахгүй байгаа бол өрхийн болон мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.