АНЭУ-ын  Абу-Даби хотод Тусгай олимпийн зуны XV наадамд 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байна.

Монгол Улсаас 28 тамирчин оролцож байгаагаас медалийн тоо нэмэгдсээр байна. Боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран нар хүрэл медаль хүртсэнээр багийнхаа амжилтыг ахиуллаа. Үүний зэрэгцээ, бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртээд байсан Х.Балжинням 100 метрийн уралдаанд оролцож, Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь алтан медалийг хүртлээ.

Ийнхүү монголчууд Абу-Дабигийн Тусгай олимпийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Медалийн ихэнхийг охидууд авч байна.

Монголын Тусгай олимпийн багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар юм.

Э.Энхтуул Ховд аймгаас ирж оролцож байгаа бөгөөд, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн боччегийн төрлөөр хичээллэж эхэлжээ. “Аймгаасаа аавтайгаа нийслэлд ирж бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад ийнхүү тусгай олимпод оролцож байна. Аав маань намайг хотод хүлээж байгаа” хэмээн ярьсан түүний хувьд Цэргийн баяраар аавдаа Тусгай олимпийн хүрэл медаль хүртэж, бэлэг барилаа.

Б.Мягмарнаран Дарханаас Тусгай олимпийн наадамд оролцохоор сонгогдсон. Тэрбээр бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа болж буй. Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой гэх төрлүүдэд оролцохоор ирсэн. Хамгийн олон тоглолтыг хийх хүндхэн ачаа түүнд ногдоод буй. Гэвч амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм.

Абу-Даби хотод болж буй Тусгай олимпийн наадамд Монголын баг хэвлэл мэдээллийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өнөө шөнө хөлбөмбөгчид алтан медалийн төлөө тоглолт хийнэ.