МХЕГ-аас “Эко алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлт гаргаж, 19-ний өдөр  УУХҮЯ-нд албан бичгээр хүргүүлжээ.

Дүгнэлтэд дурдсанаар “Эко алтан Заамар” компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн гидрогеологийн судалгаагаар 51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв. Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний ус болох нь батлагджээ.

Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан осол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-ний өдөр  дотоод хяналт шалгалтаар мөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна. Тодруулбал “Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай” талаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ. Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтай осол гарсан аж.

Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар  эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор  байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журам батлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвч дотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцоллоо.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлүүлээд байна.