УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.

Энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булган хэд хэдэн удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэрбээр хамаатнууддаа хаалгаа тайлж өгдөггүй хэрнээ алуурчдад хаалгаа тайлж өгсөн нь С.Баяраагийн гэрчийн мэдүүлэг болон Б.Булганы өгч байсан мэдүүлүүдээс харагддаг. Булган хэд хэдэн удаатайлбар, мэдүүлэг өгсөн байдаг.

Тухайлбал, Б.Булганы 1998 оны 10-р сарын 03-ны өдөр өгсөн “...1998 оны 10-р сарын 02-03-нд шилжих шөнө 22:30 цаг, бараг 23:00 цагийн орчим болов уу С.Зориг гэр рүүгээ утасдаад 20 минутын дараа очлоо. Хоолоо хийж бай гэж хэлсэн. Би хоолоо залгачихаад кино үзэж байтал 10 минутын дараа хаалга тогшихоор нь С.Зоригийг ирлээ гэж бодоод хэн бэ гэсэн чинь дуугарахгүй болохоор нь С.Зоригийг тоглож байна гэж бодоод хаалга онгойлготол хар өнгийн малгайтай масктай, эрэгтэй нь богино хар ангийн савхин куртиктой 150 см өндөртэй, богино куртиктэй бусад зүйлийг нь санахгүй байна.

Эмэгтэй нь 160 см өндөртэй байсан. Эмэгтэй нь 2 гартаа хутгатай, нөгөөх нь нэг гартаа хутгатай, нөгөө гартаа сүхтэй байсан. Хаалга онгойлгоход эмэгтэй нь нилээн хурдтай орж ирээд босгонд тээглэж унасан....”

1998 оны 01-р сарын 04-ний өдөр өгсөн: ... Талийгаач хаалга өвөрмөц тогшдог....хаалга тогшихоор нь хэн бэ гэж асуусан чинь хариу дуугараагүй ба С.Зориг бас дуугарахгүй тохиолдол гардаг юм. Ингээд эмэгтэй хүн дуугарахаар нь би нэгэнт хэн бэ гээд дуугарчихсан болохоор хаалгаа нээчихсэн юмаа” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл талийгаачийн хаалганы тогшилт бусдаас өөр байдаг. Тухайн өдөр хэн гэж асуугаад дуугарахгүй, бас дуугарсан болохоор нь тайлсан гэж мэдүүлсэн байгаа юм. Харин Б.Булган бусдад хаагаа тайлж өгдөггүй байсан гэдэг нь талийгаачийн төрсөн ахын дараах мэдүүлгээс харагдана.

С.Баяраа: 1998 оны 10-р сарын 09-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...10-р сарын 02-ны өдөр бид нарт гэртээ унтах гээд байж байтал манай гэрийн утас дуугарсан. Тэгэхэд манай эхнэрийн эгчийн хүүхэд Л.Баярбаатар утас авсан. Б.Булган эгч ярьж байна. Зоригоо ах ухаан алдсан гэх юм яриад уйлаад байна гэхээр нь би утас аваад ярих гэтэл тасарчихсан. Ингээд эхнэр бид хоёр босоод манай эхнэр Нараа гэрийнхээ утсаар С.Зоригийн гэр рүү залгасан болов уу гэж бодож байна. Тэр үед утсаа авахгүй байсан. Удаагүй миний гар утас дуугараад Б.Булган ярьсан. Би утсаа дуугарахаар шууд авсан дугаарыг нь хараагүй. Ингээд Б.Булган Зориг ухаан алдсан үхэх гээд байна гэж хэлсэн ба би тухайн үед нас барсан гэж огт бодоогүй. Б.Булган утсаар ярихдаа уйлаад байсан. Ингээд явах гээд гарч байхдаа Б.Булган хаанаас ярьсан юм бол, хаана байгаа бол гэж бодоод С.Зоригийн гар утас руу залгасан чинь Б.Булган утсыг нь авсан ба хаана байгаа юм бэ гэж асуухад гэртээ байна гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр гэрээсээ шууд гараад С.Зоригийн гэрт ирсэн ба манай гэр хол биш 5 минут орчмын зайтай газар байдаг. Ирээд орцонд хүнтэй тааралдаагүй ба хаалга нь онгорхой байхаар нь түлхээд орох гэхээр юманд тээгэлдээд байсан. Тэгээд түлхэж байгаад ороход талийгаач дээшээ харчихсан хөл нь хаалга руугаа жийсэн байдалтай, цээжин хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байсан.

Намайг ороход Б.Булган талийгаачийн хажууд түргэний эмч зогсож байсан уу, толгойг нь тэвэрчихсэн байсан уу тийм л байдалтай байсан. Талийгаачийн хажууд түргэний эмч мөн зогсож байсан. Тухайн үед өөр хүн байсан эсэхийг үнэндээ санахгүй байна. Б.Булган анх намайг харчихаад С.Баяраа хоёулаа С.Зоригийг аваад эмнэлэг явъя, эд нар авч явахгүй байна гэж хэлж байсан. Би тэр дор нь Б.Булганыг аргадсан ба С.Зоригийн цээжин тус газар 3 ширхэг том хутганы ором харагдаж байхаар хутгалуулсан байна гэж ойлгосон. Эмч надад хандаж ид нар орж ирээд үзсэн. Зүрх нь зогссон байна. Одоо ямар ч нэмэргүй гэж хэлсэн. Ингээд би ямар ч байсан Б.Булганыг С.Зоригоос холдуулах хэрэгтэй гэж бодоод аргадаж байхад манай эхнэр хаалган дээр зогсож байхаар нь чи орж ирээд Б.Булганыг ав гэхэд Б.Булганыг аваад том өрөөнд орсон.

1999 оны 02-р сарын 25-ны өдөр өгсөн “... Бид эхээс гурвуулаа ба би айлын хамгийн том байгаа юм. Талийгаач дүү С.Зориг маань хоёр дахь хүүхэд байсан. Хамгийн бага дүү маань С.Оюун.... Талийгаач дүү маань эхнэр авалгүй байж байгаад 1992 оноос Б.Булган гэх эмэгтэйтэй хамтран амьдарсан. Гэхдээ албан ёсоор батлуулаагүй. Тэдний дундаас гарсан хүүхэд байдаггүй. Б.Булган нэг дагавар хүүхэдтэй байсан.... Би талийгаачийн гэр орноор нэг их орж байгаагүй, ажил дээр нь уулздаг байсан. Тэдний гэрт очиход Б.Булган хаалгаа шууд тайлаад өгдөггүй, заавал нэр усаа хэлэх юм уу, урьдчилж утсаар ярьж байгаад очихоор хаалгаа тайлж өгдөг байсан.

Үргэлжлэл бий....