Төгрөгийн валюттай харьцах ханшийг Монголбанк ч юмуу хэн нэгэн төрийн өндөр эрх мэдэлтэн хүчээр барьж үнэ тогтоох боломжгүй, зөвхөн зах зээлийн жамаараа шийдэгдэх асуудал болж хувирсан.
 
Уншигч таниас нэг зүйл асууя. Өнөөдөр үндэсний аюулгүй байдал гэж яг юу юм бэ. Энэ зүйлийг юугаар, яаж тодорхойлдог юм бэ. Халуун галд давтан хийсэн ган болд сэлэм юм уу, гартаа тэсрэх бөмөг барьж, буу шийдмээр хамгаалуулсан “хаан” юм уу. Гэхдээ хүн бүр л өөр өөрөөр тайлбарлах гэж оролдох байх. 
 
Харин би ингэж бодож байна. Зэр, зэвсэг, пуужин, танк байх ёстой хамгаалалтын хэрэгсэл ч зөвхөн цусаар эцсийн үр дүнгээ үзүүлнэ. Харин үндэсний аюулгүй байдал гэгч энэ цаг үед эдийн засаг гэдгээр тодорхойлогдох болжээ. 
 
Бид айж сураагүй үндэстэн байсан бол өдгөө айдсыг мэдэрч эхэллээ. Магадгүй айдас гэдгийг мөн л олон утгаар, олон янзаар тайлбарлаж болох. Гэхдээ бидний айдас өнөөдөр Хятад, Орос ч биш америк ах нарын ам.доллар гэх урж цоолоод, шатааж бас дэвсээд хаячихмаар эл өчүүхэн ногоон дэвсгэрт болчихлоо. 
 
Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж төгрөгтэй харьцах ханш нь чангарсаар энэ өдөр Монголбанкны зарласан ханш 1783 төгрөг, арилжааны банкуудад 1794-1795 төгрөгт хүрэв. Улстөрчид, эдийн засагчид, олон нийт, бизнес эрхлэгчид энэ үзэгдлийг сайнаас илүү саараар дүгнэх, хэлэх байдал эрс ажиглагдаж эхлэв бололтой.
 
Сөрөг хүчин болох МАН-ын УИХ дах төлөөлөл өчигдөр олон нийтэд хандаж “Болохоо байж байгаа” талаар үүрссэн сэтгэгдлээ хуваалцав. Харин Сангийн сайд Ч.Улаан “Ам.долларын өсөлтийг би мэдэхгүй, Монголбанкнаас очиж асуу” гэж хэвлэлээр хэдэн үг чулуудав. 
 
Ам.долларын ханшийн өсөлтийг хэн мэдэх юм бэ
 
Хэн ч мэдэхгүй. Сэтгүүлчид, олон нийт төрийн аль нэгэн холбогдох албан тушаалтан ч юм уу, эдийн засагч нэгэн эрхмээс “Ам.долларын төгрөгтэй ханш хэд болох вэ” гэж мөн ч олантаа асууна. Харамсалтай нь тэд Микти Ибраген мэтийн мундаг зөн билигтэн шиг биш болохоор тааж мэдэхгүй.
 
Яахав дээ тааж мэдэж болох нэг хувилбар нь өнгөрсөн 2009 онд буюу төв банкны ерөнхийлөгч асан А.Батсүхийн үе. Тухайн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг хатуу аргаар буюу хүчээр 1200 төгрөг орчимд барьж байсан хувилбар. Даан ч харамсалтай нь ард түмэндээ таалагдах гэж ингэж барьснаас болж Монголбанкны валютын нөөц дуусах дөхөхөд ханшийг шууд алдчихсан. Улмаар бас л 1600 төгрөг даваад явчихсан нь тэр. 
 
Тухайн үед бид ирээдүйд экспорт, хөрөнгө оруулалтаар орж ирэх ам.долларыг хараад суухгүй байх нэг боломжыг алдсан байдаг. Тодруулбал, Олон улсын валютын сангаас өнгөрсөн онуудад ам.долларын хөнгөлөлттэй хүүтэй зээл авах, хөрөнг оруулалтдаа нэмэр болгох боломж байжээ. Гэвч тэр үед Монголд ханшийн хатуу бодлого үйлчилж байсан учраас тус сангийнхан “Ханшийн бодлогоо зөөлрүүл. Тэгвэл бид мөнгө өгнө” гэсэн аж.
 
Монгол улс тухайн үед ханшийн зөөлөн бодлоготой, ам.долларын төгрөгтэй харьцах ханш зах зээлийнхээ жамаар тогтдог хууль, журамтай байсан бол бидний эх орны үйлдвэрлэгчид хэдэн 10 биш 100-раа нэмэгдэх боломж бүрэн байв.
Аль 2008, 2009 оны үед олон улсын дээрх байгууллагаас хэлж байсан бодлогын урт хугацааны аргыг сүүлийн хоёр жилд л хэрэглэж байгаа. Товчхондоо төгрөгийн валюттай харьцах ханшийг Монголбанк ч юмуу хэн нэгэн төрийн өндөр эрх мэдэлтэн хүчээр барьж үнэ тогтоох боломжгүй, зөвхөн зах зээлийн жамаараа шийдэгдэх асуудал болж хувирсан.
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтлана” гэжээ. 
 
Ам.доллар огцом өсөөгүй
 
Ард түмэн, сөрөг хүчнийхэн болон зарим улстөрч “Ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом өслөө, эдийн засаг эвгүйтэх нь” гэж байгаа. Гэвч хууль тогтоомжынх нь зүйл, заалттай тулгаад үзвэл хэдийгээр өдгөө нэг ам.долларыг 1790 гаруй төгрөгөөр худалдан авч байгаа ч гэсэн огцом өсөлт болоогүй аж.
 
Хэрэв төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өмнөх өдрийн ханшаас тав буюу түүнээс дээш хувийн хэлбэлзэлтэйгээр өсөх, буурсан тохиолдолд Ерөнхий сайдтай төв банкныхан зөвшилцөх заалттай юм байна. Өөрөөр хэлбэл, 1790 гаруй төгрөг хүртэлх өсөлт бий болсон ч дээд тал нь өдөрт дөрвөн төгрөгөөр өссөн нь ийм хэмжээнд хүрчээ. 
 
Цаг нь ирсэн, эвлэрэхээс өөр аргагүй
 
Нөгөөтэйгүүр мундаг эдийн засагтай, үйлдвэрлэгч, гадны хараат бус жинхэнэ тусгаар тогтносон, эдийн засгийн аюулгүй байдал нь баталгаатай орон болохын тулд бид төгрөгийн ханш унаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Жишээлбэл, төгрөгийн ам.доллартай ч юм уу юаньтай харьцах ханш нь өндөр байвал Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадныхан авахгүй. 
 
Түүнчлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь өндөр байсан тохиолдолд импортын барааны үнэ нэмэгдэнэ. Мэдээж хэрэг би өндөр үнэтэй импортын тараг авахаас илүүтэй дотоодод үйлдвэрлэсэн тараг, сүү сүүн бүтээгдэхүүнийг л худалдаж авах болно. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж миний худалдаа хийсэн мөнгө эх орондоо шингэж, эдийн засагт дусал гэсэн ч дэм болох учиртай. 
 
Монголчууд олон жил хүний гар харлаа. Одоо боллоо. Өөрсдөө хийцгээе. Та ч гэсэн үйлдвэрлэхийг хичээ. Төр засаг чинь аяандаа дэмжинэ. Харин хийх хүслийг тань хаагаад байвал босоод тэмцэх эрх нь танд бий. 
 
Үргэлжлэл бий. 
 
Л.Баатархүү