БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-д энэ жил Монгол Улсаас анх удаа “ASIAN TOP SINGER” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан байна.

    Солонгос Улс нь энтертайнмент, шоу бизнесийн салбарт Азидаа тэргүүлэгч улс төдийгүй тус наадамд “K POP” одууд болох “G.O.D” хамтлаг, “Big Bang”-ын “G Dragon” зэрэг Солонгосын болон Азийн бусад орны супер одууд оролцох ажээ. Энэ удаагийн наадамд Хятад, Япон, Тайван, Хонг Конг зэрэг нийт Азийн 15 гаруй улс өрсөлдөн оролцож байгаагаар онцлог бөгөөд орчин үеийн хөгжмийн урсгалаар Монгол Улсаас анх удаа ийнхүү шилдэг дуучны төлөө нэр дэвшин оролцож байгаа нь томоохон нэр хүндийн хэрэг юм.

    Дуучин Г.Мөнхбаяр буюу Becky нь англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсрол болон дуулах ур чадвар өндөртэйд тооцогддог учир ийнхүү Солонгосын продюссерүүд түүнийг онцлон тус наадамд нэр дэвшин өрсөлдөх боломж олгож байгаа ба хэрэв шагналын ялагчаар тодорч “Аsian Top Singer”-р шалгарвал Солонгосын энтертайнментуудтай хамтарч ажиллах гэрээ хүртэл яригдах ажээ. Мөн манай улсын орчин үеийн хөгжмийн урсгалын түүхэнд анх удаа “Азийн шилдэг дуучин”-тай болж олон улсад эх орноо сурталчилах томоохон нэр хүндтэй үйл явдал болох юм. Тус наадам нь 4-р сарын 8-15-ны хооронд БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдах гэж байна.