Ардчилсан намын "Онц их хуралдай" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол ардын намын бодлогыг эсэргүүцэн жагсаж буйгаа мэдэгдсэн юм. Тэд дараах асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэлээ. Тухайлбал, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй хямралыг эсэргүүцсэн жагсжээ. Түүнчлэн АН-ын бүлгээс чуулганы нээлтийн дараа эрх баригчдад таван зүйлийг багтаасан шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Уг жагсаалын индер дээрээс АН-ын дэд дарга Р.Амаржаргал "АН УИХ тарах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байгаа. Өнөөгийн УИХ Монгол Улсын төрийн дээд байгууллагыг төлөөлөн ажиллах ямар ч чадваргүй болсон гэсэн дүгнэлтийг хийсэн. 60 тэрбумаар дүүрсэн УИХ Монгол Улсын эцэг хуулинд халдах гэж байна. Энэ огт байж болохгүй зүйл. ЖДҮ-ийн зээлийг булааж авсан хүмүүс Монгол Улсын Үндсэн хуулинд халдах гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Бид УИХ-аас ихийг шаарддаг. Гэтэл хулгай хийж, ард түмний авах зүйлийг дээрэмддэг хүмүүс төрийн эрх барих байгууллага болчихоод Үндсэн хуулинд халдана гээд ичихгүй яриад сууж байна. Үүнийг бид эсэргүүцэж цугласан" гэсэн юм. Энэхүү жагсаалд хөдөө орон нутгаас ирсэн тус намын дэмжигчид болоод нийслэл хотын иргэд оролцож байна.