Дубайн гэрээний хохирлын талаар

Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт ил уурхай болон баяжуулах үйлдвэр (2013 он), далд уурхай (2021 он) гэсэн үндсэн 2 бүтээн байгуулалтаас бүрдэнэ гэж ойлгож болно. Анхны ТЭЗҮ буюу төлөвлөгөө ёсоор Ил уурхайг ашиглаж эхэлснээс хойш орох орлого, ашгаар Далд уурхайг бүтээн байгуулах тооцоотой байсан. Гэтэл 2013 оноос хойш гарсан монголчуудын баялаг өнөөг хүртэл ямар ч үнэ цэнэгүй, ямар ч ашиг өгөхгүй байгааг Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайлан, баланс баталж байна. Үүний шалтгаан нь асар их хэмжээний хүү өндөртэй зээл, ямар ч хяналтгүй маш их хэмжээгээр өсгөсөн үйл ажиллагааны зардал, өртгийн хэмжээ юм.

Дубайн гэрээ байгуулагдах хүртэл буюу 2015 оны эцсээр Оюутолгой ХХК-д нийт 8 орчим тэрбум долларын өр үүссэнээс зөвхөн хүү нь гэхэд 3 орчим тэрбум доллар болсон байсан. Манай тал үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй байсан боловч Дубайн гэрээний 4.4 заалтын дагуу Монгол улсын Сангийн яам өмнөх бүх тооцоог 5 хоногийн дотор хүлээн зөвшөөрч хаах үүргийг авсан байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хариуцан ажиллаж байсан. Зөвхөн энэ заалтаар 2013 онд Засгийн газраас шалгасан ажпын хэсгийн үр дүн, мөн Хувь нийлүүлэгчдийн зээл гэсэн зарчимгүй зээлийн үр дүнд гарсан бүх хохирлыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Улмаар Дубайн гэрээгээр гуравдагч тал буюу гадаадын 20 банкнаас төслийн санхүүжилт нэрээр зээл авч, өмнө үүссэн өр, түүний хүүгийн ихээхэн хэсгийг Рио Тонтод төлсөн. Ийнхүү Монголын талд асар хохиролтой тохиролцоог улам үргэлжпүүлснээр 2021 оны эцэс буюу далд уурхай ашиглалтанд орох үед Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэмжээ 26 тэрбум долларт хүрэх ба үүнээс 10 тэрбум доллар нь зээлийн хүү байх тооцоо гарч байна. Энэ байдал цааш үргэлжилсээр 2050 он гэхэд монголчууд ногдол ашиг хүртэж эхэлнэ гэж Рио Тинто бидэнд танилцуулж байна. Иймд манай байгууллагаас Дубайн гэрээний хохирлыг дор хаяж 20 тэрбум доллар гэж үзэж байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь ийм хохиролтой гэрээ байгуулахын тулд Засгийн газраас гадаадын зөвлөхүүдээс зөвлөх үйлчилгээ авсан байдаг. Санхүү, хуулийн чиглэлээр гадаадын 3 компаниас зөвлөх үйлчилгээ авсан гэж мэдээлдэг ба зөвхөн АНУ-ын Пейнтер компанид гэхэд зевлөх үйлчилгээний хөлсөнд 17 тэрбум төгрөг төлсөн байна. Асар их хохиролтой тохиролцоо хийхийн тулд “Тэмээн дээр ямааны гарз” гэдэг шиг эдгээр зөвлөх үйлчилгээг авчээ.

Мөн Дубайн гэрээний үндсэн дээр гадны 20 банкнаас зээл авахын тулд Дэлхийн банкны Олон талт хамтын ажиллагааны газарт (МIGA) Монгол улсын Засгийн газар улс төрийн баталгаа гаргаж өгсөн тухай мэдээллийг Туркойз Хилл компани тухайн үед мэдээлж байсан. Хэрэв энэ үнэн бол Монгол улсын газар нутаг, аюулгүй байдал улстөрийн барьцаанд орсон гэсэн үг юм. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө” гэсэн Дубайн гэрээнээс тусдаа байгуулагдсан бичиг баримтаар Оюутолгойн уурхайн бүх лиценз, тухайн газар нутаг барьцаанд тавигдсан гэсэн мэдээлэл бидэнд байна. Мөн барьцааны 30 гаруй гэрээ байгуулагдсан, үүнд нь Засгийн газрын баталгаа үндэслэл болсон гэдэг нь тодорхой байгаа юм.

 

Дүгнэлт

Монгол улс, Монголын ард түмэн, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн аюулгүй байдалд аюул учруулах үр дагавартай гэрээ, хэлцэл байгуулах энэ эмзэг чухал асуудлыг ганцхан хүний, тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжуудаар шийдсэн нь Үндэсний аюулгүй байдал, эдийн засагт асар хохиролтой тусчээ. Энэ асуудлыг ядаж Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж Тогтоол гаргах, цаашлаад УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан нь тодорхой байгаа юм. Иймд Захиргааны хэргийн шүүх хэргийн шийдвэрлэлтэнд шударгаар хандаж дээрх захирамжуудыг хүчингүй болгон Монголын ард түмний талд шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.