Тэсгим хүйтэн 1987 оны нэгдүгээр сарын 30ны орой 21 цагийн орчимд дөрвөн настай хүү Мөнхзаяа Буянт сумын төвийн захад согтуу хэвтсэн эцгийнхээ дэргэд осгож ухаангүй болсон байв.

Тэр шөнө хөрсөнд 28.6, агаарт 34 градус хүйтэн хоножээ. Өглөө найман цагийн орчимд эцэг Монцоо тэрийж хөлдсөн, ажиглахад амьсгалгүй болсон хүүгээ тэврэн сумын эмнэлэгт хүрч очив. Хүмүүс хүүхдийг үзмэгц осгож нас баржээ гэж харамслаа илэрхийлцгээж байлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Даариймаагаас Буянт сумаас аймгийн төв орох замд хүүхэд осгож хөлдсөн дуудлагыг авсан Б.Отгоншар эмч Буянт суманд яаралтай очиж хүүхдийг үзэхэд бүх бие нь мод болтлоо хөлдсөн, гар, хөл үе мөч хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босож байлаа. Зүрх уушгийг нь чагнахад ямарч авиа сонсогдохгүй байсан гэдэг. Крантны хүйтэн усаар ванн дүүргэж бүх хувцасыг нь тайлж, хоёр чихийг нь бөглөөд, хамрыг нь гаргаад хоолой хүртэл нь хүйтэн усанд хийж 3 цаг гаруй байлгаж ажиглалт хийв. Үе үе үзлэг хийж ажиглаж байтал амьсгал зүрхний үйл ажиллагаа сэргэж эхэллээ. Наркозын эмч Баатаржаваар эгмийн доод талын венийн том судсанд хатгалж хийлгүүлж, гуурс тавиулаад дөнгөж бүлээсгэсэн шингэж явуулж, бусад амьсгал зүрх, судас дэмжих эмчилгээ хавсруулан хийсэн аж. Хүүхдийн зүрх судас, амьсгал жигдэрч, хүүхдийн бие бүрэн гэсэж хөдөлгөөнд орж, нүд нь эргэлдэж, эргэж хөрвөж байснаа “би шээе” гэж хэлсэн байна. Эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлээд гэртээ харьжээ.

Энэ тухай ШУА-ийн ажилтан, кино найруулагч Наваан Xовд аймагт ирж “Дахин төрсөн хүү” баримтат кино хийжээ. Болгар, Чех, Оросын хэвлэлүүдэд бичигдэж тэр үеийн Хүүхдийн төлөө төв комиссын дарга Цэдэнбал Филатовагаас Б.Отгоншар эмчид талархал илэрхийлжээ.

Хөлдөж үхээд дахин амилсан хүү Мөнхзаяа 1987 онд Ховд хотын 5р цэцэрлэгт оржээ. Тэрээр Ховдын багшийн дээд сургууль төгсөж Алтай сумын 11 жилийн сургуульд математикийн багшаар ажлын гараагаа эхэлсэн ба одоо Өмнөговь аймагт ажиллаж байна.