УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран өнөөдөр тамхины хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хуулийн хэрэгжилт, алдаа оноо ямар байсан талаарх судалгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргажээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд сайн, муу шүүмжлэлийг дагуулсаар байгаа. Хууль санаачлагчид Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хаа сайгүй тамхи татдаг байдал алга болж, баар, ресторанд цэвэр орчин бүрдүүлж чадсан байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн тамхидалтаас сэргийлэх, сургуулийн орчинд тамхи худалдаалахгүй байх зэрэг нь олон хүнд тамхинаас татгалзах шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Харин хууль хэрэгжих явцад гарсан сөрөг үр дагаврын тухайд сургууль, цэцэрлэгээс 500 метрээс дээш зайд тамхи худалдаална гэсэн заалт нь зарим орон нутаг, сумдад хэрэгжих боломжгүй гэсэн гомдол ирсэн байна. Түүнчлэн худалдаа эрхлэгчдээс гомдол санал ихээр ирүүлжээ. Гэвч Тамхины хяналтын тухай хуулийг улам чангаруулж, хуульд холбогдох зарим заалтыг нэмж оруулахаар төлөвлөөд байгаа гэж хууль санаачлагч Л.Эрдэнэчимэг онцоллоо.

Хууль хэрэгжих явцад томоохон аж ахуй нэгж хуулиа биелүүлэхгүй байх тохиолдол гарсан бөгөөд нийт 16 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа аж. Тиймээс цаашид хуулийг чангатгах, хариуцлага тооцох зарчмаар хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа гэсэн юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалах заалт, аж ахуй нэгжүүдэд зориулсан зарим заалтыг өөрчлөх талаар хууль өргөн барьсан ч эргүүлэн татсан байна. Тамхины хяналтын тухай хууль гарснаар олон хүн тамхинаас татгалзах, олон нийтийн болон үйлчилгээний газарт тамхи татахгүй байгаа зэрэг олон давуу тал ажиглагджээ.

Х.Даваа