Гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид өнгөрсөн 2-р сарын 22-23-ны шилжих шөнө буюу  48 цаг саатуулагдах үедээ нас барсан хэрэг гарсан. Талийгаач нь цусаараа гэрээслэл бичиж, хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа ажээ. Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461-р ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн  23.5 дугаар зүйл.Хайнга хандах

1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааажээ.

Гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон. 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан.

Ажилласан байдал:

• 1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,

• 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,

• 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,

• 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,

• 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,

• 1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

• 2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,

• 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

• Одоо МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд гэрээт багш,

• Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрч

• "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ