Манай улсад бэлгийн хүчирхийлэл, амиа хорлолт, бэлгийн замын халдварт өвчний тархалт жил ирэх тусам өсч байгааг судлаачид онцолж байна. Өнгөрсөн 2018 онд Монгол Улс амиа хорлолтын суурь судалгаагаар дэлхийд 5 дугаарт байрт жагсдаг байсан. Гэтэл жилийн дотор хоёр байр урагшилж, дэлхийд 3-т жагсдаг болжээ. Энэ бол эмгэнэл, энэ бол мөхөл. Тэгвэл бага насны хүүхдийг тэр дундаа өөрийн төрсөн эсвэл дагавар хүүхдээ хүчирхийлсэн мэдээлэл нийгэмд цацагдахын хэрээр ард иргэд айдаст автаж байна. Өнгөрсөн 2018 онд Б.Өнөрмаа прокурор тэргүүтэй судалгааны баг амиа хорлолтын суурь судалгааг хийж олон нийтэд танилцуулсан нь нийгэмд дуулиан тарьсан. Тэгвэл тэрбээр дахин сэтгэл сэрдхийлгэм судалгаа хийсэн нь бага насны хүүхдийг чигэлсэн бэлгийн хүчирхийлэл юм. Маш өргөн цар хүрээг хамарсан уг судалгаагаар сэтгэл эмзэглүүлсэн дүгнэлт гарсныг Улсын Ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, Б.Өнөрмаа онцолж байна. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэе.


-Та өмнө нь амиа хорлолтын суурь судалгааг удирдаж, 2018 онд танилцуулсан. Тэгвэл энэ удаа бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн хүчирхийллийн суурь судалгааг удирджээ. Шүүхээр шийдэгдсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийсэн гэсэн. Хэчнээн хэргийн материалд судалгаа хийсэн юм бол?

-2012-2016 онд үйлдэгдэж, шүүхээр эцэслэн шийдсэн гэмт хэргүүдийг сонгож авсан. Энэ хугацаанд бага насны хүүхдийг чиглэсэн хүчирхийллийн 800 гаруй гэмт хэрэг үйлдсэнээс 1088 хүүхэд хохирогч болсон. Эрүүгийн хэргийн төв архивт хадгалагдаж байгаа 250 эрүүгийн хэргүүдийг уншиж дүн шинжилгээ хийлээ. Судалгаагаар гэмт хэрэг үйлдсэн хүн болон бэлгийн халдлагад өгтсөнг хохирогчийн  нийгмийн байдал, хүн ам зүйн шинжийг тодорхойлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирогчын хоорондын хамаарал мөн жилийн аль улиралд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг судалсан. Түүнчлэн ямар төрлийн хүн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байна вэ гэдгийг судлах гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхиийн тулд хувь хүний онцлого шинж, гэр бүлийн хүмүүжил ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгийг судалсан. Ингэснээр гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох эрсдэлтэй иргэдийг тогтоох боломжтой гэж үзсэн учраас бага насны хүүхэд тэр дундаа төрсөн, дагавар охиноо хүчиндсэн этгээдийн хөрөг буюу профайлыг анх удаа бичсэн.

-Гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөг гэхээр иргэд гайхах байх. Үүнийг энгийнээр тайлбарлах боломжтой юу?

-Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг бид олон жил ажилгүйдэл, ядуурал, архидалт гэсэн  гурван том нийгмийн сөрөг үзэгдлээр тодорхойлж ирсэн. Ерөнхий агуулгаараа дээрх хүчин зүйл гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг нь үнэн боловч тодорхой төрлийн гэмт хэрэгт тухайн хүний төлөвшил, өссөн орчин, боловсрол, сэтгэхүй, хандлага гээд олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг нарийвчлан тогтоосноор бид эрсдэлтэй бүс, хүнд тавих хяналтаа сайжруулж гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Тиймээс ч прокурорын байгууллага салбар салбарын мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэн бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчихийллийн шалтгаан нөхцөлийг олон талаас нь судаллаа. Тухайлвал, монголчууд “Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг” гэж ярьдаг нь манай судалгааны үр дүнгээр батлагдсан.  Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийн хувийн шинж чанарыг тодорхойлохын тулд өргөн цар хүрээтэй асуумж боловсруулсан. Ингээд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн хаалттай хорих ангида ял эдэлж байгаа 10 ялтанг сонгож аван сэтгэл судлаачийн хамт ярилцлага хийсэн. Ингэхэд эдгээр ялтангийн найм нь анх удаа бэлгийн харилцаанд орохдоо биеэ үнэлэгчтэй хавьтсан.

Тав нь бага насандаа бэлгийн халдлагад өртөж байсан, есийнх нь ээж, аав салсан. Үүнээс болж эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлээр өссөн байсан. Өөрөөр хэлбэл, ээж нь хаяж явсан, хойт эхтэйгээ таарамж муутайгаас болж эмэгтэй хүнийг үзэн яддаг болсон гэсэн үг. Түүнчлэн эцгийнхээ байнгын зодуур дунд өссөн, бэлгийн хүчирхийллийн утга агуулга бүхий киног бага насандаа үздэг байсан зэргээр. Судалгаанд хамрагдсан нийт эрүүгийн хэргийн 70 хувь нь бэлгийн амьдралын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж авсан байна.

Дараагийн нэг зүйл нь дээрх 10 хэрэгтний найм нь, мөн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 68 хувь нь бусадтай нээлттэй бус харилцаатай, бусдын нүдээр харахад даруухан мэт боловч гэр бүлийнхээ дотор өөр зан ааш гаргадаг. Гэр бүлээ өөрийн дарамт, шахалтад байлгах дуртай. Бага насандаа бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг байсан. Бие бялдарын хөгжил сул дорой зэрэг нь судалгаагаар гарсан. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 52 хувь нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, 42 хувь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байсан гээд маш олон талын мэдээллийг цуглуулсан. Ингэхээр гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл нь дан ганц ажилгүйдэл, архидалт, ядуурлаас гадна хувь хүний өөрийн төлөвшил, хүмүүжил нөлөөлж байна.

-Гэмт хэрэг нийгмийн аль давхаргад түлхүү үйлдэгдэж байгааг тодорхойлсон уу?

-Орчин нөхцөлийн хувьд 72 хувь нь амжиргааны төвшингөөс доогуур эсвэл, дөнгөж дээгүүр өрхөд мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй, боловсролын түвшин бага, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдэд тавих хараа хяналт бараг байхгүй. Зарим тохиолдолд хүүхдээ гаргуунд нь гаргасан, архины хэрэглээ өндөр өрхөд ийм гэмт хэрэг үйлдэгдэж байна.  Үүнээс гадна дээр дурдсан нөхцөл шалтгааны улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орох буюу хүчирхийлэл үйлдэх эмгэгтэй болох шалтгаан болж байна. Ийм хүмүүс бусдыг үзэн ядах, хэн нэгнээс эргээд “хариу авах” гаж хүсэл аажмаар бий болж улмаар өөрийг нь эсэргүүцэж чадах хүмүүсийг биш харин өөрийгөө хамгаалах чадваргүй, тухайлбал бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол багагүй байгаад анхаарлаа хандуулах цаг болсон.

-Тэгэхээр далд хэлбэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэх, үүнээс урьдчилан сэргийлэхэд энэ судалгаа маш чухал ач холбогдол үзүүлэх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн бодлогыг хүртээмжтэй хүргэх зорилгоор Засаг захиргааны нэгжид хуваагдсан байдаг. Баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн нэгжээр дамжуулж, эрсдэлтэй өрх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүний судалгааг гаргахад энэ судалгаа ач холбогдолтой. Тодруулбал, урьд нь ял шийтгэл эдэлж байсан, өрөөсгөл гэр бүл, архины хэргэлээ өндөр, ажилгүй, хойт эцэгтэй, эсхүл эмээ, өвөө, хамаатныдаа амьдардаг хүүхдийн судалгааг тогтмол гаргаж, тухайн хүүхэдтэй сэтгэл судлаач, багш мэргэжлийн хүмүүс оролцуулан тандалт, ярилцлага хийж хүчихийлэлд өртсөн байж болзошгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлдэг байх.

Түүнчлэн сургуулийн амралтын үед энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна, хүүхдийг хараа хяналтгүй орхих, хүүхдийн цахим орчинд мэдээлэл олж авч байгаа байдал, чатаар хүнтэй танилцах зэрэгт хяналт тавьж чадахгүй байгаа нь бас нөлөөлж байна.

Мөн эцэг эхчүүдэд нэг зүйлийг хэлэхэд эрдэнэ мэт хайрлах, хамгаалах, бусдын нүдний хор хүрэхээс ч хүртэл харамлах ёстой үр хүүхдийнхээ зургийг цахим орчинд тавьдагаа болиоч ээ, хүүхдийн чинь зургийг хараад гаж хүсэлдээ автан суугаа хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй. Тиймээс та өөрөө хүүхдээ эрсдэлд оруулж байгаагаа ухаараач гэдгийг хэлмээр байна.    

 -Эцэг, эхчүүд “Даруухан бай, битгий уйл, битгий гоншигноод элдэв юм ярьж бай” гэх зэргээр “зааварладаг” нь сөрөг талтай байх ээ?

-Өөрт тулгамдсан асуудлаа бусдад ярьж, тэндээс шийдвэрлэх гарцаа олох ёстой биз дээ. Тэгэхгүй юу хийж, яахаа мэдэхгүй байхаар тэр хүн дотроо давчидна. Уур бухимдал, ганцаардмал байдал угжрахаараа догшин авиртай болно. Бусдад өш санамтгай болно. Улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй нэгнээр тохуурхаж, даажигнах замаар энэ стрессээ тайлдаг. Түүнчлэн монголчууд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Таны хүүхдийн биед хэн хүрч болох вэ, хэн хүрч болохгүй вэ гэдгийг хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй.

“Тамхи татъя” гээд эрэгтэй хүүхдийн ичимдэг эрхтэнг чимхэж, үнэрлэдэг муухай тогтсон үйлдэл байдаг даа.

-Энэ бол маш буруу зан үйл. Судалгаагаар хэд хэдэн зүйл ажиглагддсан. Энэ нь хүүхдээ унтлагын хувцасгүйгээр төрсөн эцэг, эсвэл хойт эцгийнх нь өвөрт унтуулдаг. Ийм ээжүүд олон бий. Гэтэл унтлагын хувцас тансаг хэрэглээ биш шүү дээ. Ядаж л шорт, фүтволктой унтуулах ёстой. Төрсөн эсвэл дагавар хүүхдээ олон жил өвөртөлж унтсан аавуудын сэтгэхүйд өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны эргэлтэд нөгөө охин хүүхдээ нас биед хүрсэн эмэгтэй хүнээр төсөөлж харж эхэлдэг. Эрсдэлтэй байгаа биз. Тэгэхээр энэ буруу хэвшлээс салах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдийг аав нь усанд оруулах, бие зассан үед нь ичимдэг эрхтэнг нь аав нь цэвэрлэж өгдөг байдлаас болж “Миний биед хэн ч хүрч болно, болдог юм байна” гэдэг сэтгэхүйг хүүхэд авдаг. Ядаж л аавууд гэртээ дотоожтойгоо явдагаа болих хэрэгтэй. Энэ мэт үйлдэл нь тухайн хүүхэд шилжилтийн насанд ирэх үед буруугаар нөлөөлдөг жишээ бий. Эдгээрээс гадна хүүхдийн дэргэд бэлгийн амьдралын талаар ямар нэг цензургүй ярих нь буруугаар нөлөөлж байна.

Судалгаанд хамрагдсан нийт гэмт хэргийн 48 хувь нь ургийн хүчирхийлэл буюу төрсөн болон хойт эцэг, хамаатан садандаа хүчиндүүлсэн тохиолдол байсан. Ургийн хүчирхийлэл нь удмын сан болон нөхөн үржихүйд ноцтой аюул дагуулдаг гэмт хэрэг.

Ураг төрөлдөө хүчиндүүлсний улмаас жирэмслэх, үр хөндүүлэх, дахин жирэмслэх боломжгүй болох гээд маш хортой үр дагавар дагуулдаг. 2016, 2017 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 250 хохирогчийн 200 нь арван жилийн сургуулийн сурагч буюу 11-14 насны хүүхэд байсан. Судалгаагаар энэ насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 200 сурагчийн 32 хувь нь 1-9 жилийн хугацаанд төрсөн болон хойт эцэгтээ хүчиндүүлсэн байсан. Үүнийг яагаад хэн ч мэдээгүй юм бэ. Хүүхэд гэр бүлийнхэн дундаа хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл хүчирхийлэгчээс эдийн засгийн хамааралтай, эсвэл эх нь энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн, хүүхдээ хамгаалах нь битгий хэл өөрийгөө хамгаалах, өөрийгөө ойлгох ухамсаргүй, мэдсэн хэрнээ нууж дарагдуулсан олон тохиолдол бий. Тэгвэл хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг хаана, хэн мэдэх ёстой байсан бэ гэхээр хэрвээ арван жилийн сургуулийн багш нь анзаарагтай байж, сурагчтайгаа тулж харьцдаг байсан бол, хэрвээ сургуульд сэтгэл зүйчийн орон тоо байдаг байсан бол үүнийг эрт мэдэх боломжтой байсан.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг биеэ авч яваа байдал, зан аашаар нь мэдэх боломжтой.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зан аашид ямар өөрчлөлт гардаг юм бэ?

-Сурлагадаа муудах, хичээлдээ явах дургүй болох, дуу цөөнтэй бүрэг болох, бусдаас өөрийгөө тусгаарлах, худал ярих, гадуур тэнэх, гэртээ харихыг хүсэхгүй байх зэргээр наад захын өөрчлөлт гардаг. Түүнчлэн удаан хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан хүүхдүүд бэлгийн дон тусч биеэ үнэлсэн тохиолдол бий. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Ерөнхий боловсролын сургуульд ордог хичээл шаардлага хангаж байна уу. Анги даасан багш, нийгмийн ажилтан юу хийж байна. Сурагчдын тоо хэтэрсэн, ажлын ачаалал ихтэй гэхчлэн олон шалтаг, шалтгаан ярих байх. Гэхдээ хүүхдийг эрсдэлээс хамгаалах, тулгарсан бэрхшээлийг даван туулахад сургах ёстойг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуульд тусгайлан зааж өгсөн. Дээр нь Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчин, түүнэээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулах ёстой гээд үүргийг нь зааж өгсөн. Энэ бүхэн өнөөдөр хэрэгжиж байна уу. Сургуулийн эмч хуулийн энэ заалтыг биелүүлэх ёстой биз дээ.

Хүчирхийлэлд өртсөн 200 хүүхэд хэнд ч энэ талаараа хэлж чадаагүй. Энэ бол салбар хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 28 хувь нь бэлгийн замын халдварт өвчинөөр халдварласан. 27 хувь нь жирэмслэж, үр хөндүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад шүүмжлэлтэй хандмаар байна. Учир нь 25 хүртэлх насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх асуудлыг зохион байгуулдаг байсан бол энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх боломж нэгээр нэмэгдэх боломжтой. Учир нь насанд хүрээгүй хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан байна гэдэг нь хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай. Мөн өрхийн эмнэлгээр дамжуулж, 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг тогтмол хяндаг байсан бол бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлэх боломжтой.

Image result for Хүчирхийлэл

Тиймээс бэлгийн замын халдварт өвчний эрт илрүүлэх, оношлох ажлыг ялангуяа ерөнхий болосролын сургуульд зохион байгуулах, боловсролын байгууллага бэлгийн амьдрал болон хүчирхийллээс өөрийгаа хамгаалах, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэнд хандах зэрэг мэдлэг олгох сургалтын цагийг нэмэх, чанартай бодгоход анхаарах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд журамт үүргээ сахин биелүүлэх хэрэгтэй байна. Гэртээ архидан согтуурах үедээ тасарсан хойгуур нь үр хүүхдийг нь хүчирхийлсэн тохиолдол гарсан. Үр хүүхдээ хамгаалах ёстой гэдгийг ухамсарладаггүй хүнд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийг даатгах ёстой юу эсвэл төр үүнд оролцох ёстой юу. Төр гэхээр эцэг, эх байх эрхийг нь хасч, эсвэл халамжид хамруулахыг хэлээгүй шүү. Дээр хэлсэнчлэн өрхийн эмнэлэг, боловсролын байгууллагаар дамжуулж, эрсдэлд өртсөн хохирогчийг илрүүлэх боломж бүрэн бий. Ядаж л хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг гэж бий. Гэмт хэргийг илрүүлэх, тэмцэх нь дан ганц хуулийн байгууллагын чиг үүрэг биш үүнд эрүүл мэнд, болвсролын байгуулага бүх нэгжээрээ дамжуулж оролцох нь чухал гэдгийг л ухамсарлах хэрэгтэй байна.

Хүүхэд халдлагад өртсөн тохиолдол бүрийн цаана насанд хүрсэн хүний шууд буруутай үйлдэлээс гадна салбар хоорондын уялдаа холбоогүй зарим тохиолдолд сэтгэл дутсан шууд бус шалтгаан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

-Энэ судалгаа бол маш том баримт бичиг болсон байна. Нөхцөл байдал ийм байна гээд танилцуулаад өнгөрөх үү. Эсвэл төр засгийн зүгээс бодлого гаргаж, хэрэгжүүлэхэд ашиглах уу?

-Прокурорын байгууллагаас хийсэн судалгаа нийгэмд үр нөлөөгөө өгч байна. Тэр дундаа төр засгийн бодлогод ул суурьтай нөлөөлж чадаж байна. Жишээлбэл, Хүн амын дундахь амиа хорлолтын тохиолдлын суурь судалгааны үр дүнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд амиа хорлохын эсрэг ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яаманд амиа хорлох тохиолдлыг бүртгэх, тандаж судлах ажлын хэсэг байгуулагдан журмын төсөл болосруулж байна. Удахгүй Засгийн газрын тогтоол батлагдана. Бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн хүчирхийллийн суурь судалгааны үр дүнд Монгол Улсын Ерөнхий прокурор Засгийн газар, ХЗДХ, Эрүүл мэндийн яаманд тодорхой саналаа хүргүүлсэн байгаа. Удахгүй энэ саналын дагуу тодорхой ажил хийгдэж эхэлнэ гэж найдаж байна.

-Хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ажил үгүйлэгддэг юм шиг санагддаг. Судалгаагаар үүнийг судалсан уу?

-Судлалгүй яах вэ. Судалгааны үеэр сэтгэл өвтгөсөн тоон үзүүлэлт гарсан. Энэ нь судалгаанд хамрагдсан 1088 хохирогч хүүхдийн 3-4-хөн хувь нь сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан. Үлдсэн хэсэгт туслалцаа үзүүлээгүй. Өнөөдөр эдгээр хүүхдүүд хаана, ямар байдалтай байгааг хэн ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс болж хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Ерөөсөө хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял шийтгэснээр энэ асуудал дууссан юм шиг ойлгодог. Гэтэл үгүй юм аа. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн эмгэгийг засахад хамгийн багадаа хоёр жил шаардлагатай.

-Хуульд алдар хүндэд халдаж, нэр хүнд гутаан доромжилсон бол нөхөн төлбөр олгоно гэж заасан атлаа бэлгийн хүчирхийлэл болон хүний наймааны хохирогчдод сэтгэл санааны хохирол олгохоор талаар тусгайлан зааж өгөөгүй юм билээ. Энэ талаар судалсан уу?

-Судалгаанд энэ талаар бүлэг болгож, тусад нь оруулсан. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан хохирлыг нөхөн барагдуулж байгаа эсэх шүүхийн практикийг судалсан. Судалгаанд хамрагдсан 250 хүүхдийн 80 гаруй хувьд нь хохирол нөхөн төлөгдөөгүй, эсвэл төлөх төлбөрийн боломжгүй гэж гарсан байна лээ. Энэ бол шүүхийн буруу биш. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насанд хүрээгүй гэдэг утгаараа хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэтэл ялангуяа ургийн хүчирхийлэлийн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнтэй гэр бүлийн хамааралтай байдгаас болж хохирол нэхэмжилдэггүй.

Дараагийн нэг асуудал нь хуулиар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хохирлыг ангилж тогтоодоггүй. Зөвхөн бие махбодид учирсан хохирлыг зардал гэж үзэн эмнэлэгт үзүүлсэн зардлыг л гаргуулдагтай холбоотой.

Тиймээс хохирогчийн сэтгэл зүйн гэмтэл, эмгэг болон түүнийг эмчлэхэд гарах зардлыг тооцдог  олон улсын стандартыг нэвтрүүлж, хэрэг шалгагдаж эхэлсэн үеээс хүүхдийг эрүүл мэндийн даатгалаар нь сэтгэл зүйн болон нөхөн сэргээх эмчилгээнд нэн даруй хамруулдаг болгох хэрэгтэй. Ядаж л СЭМҮТ-д эмчлүүлэхэд ийм хэмжээний зардал гарна гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй байна.

-Бага насны хүүхэд тэр дундаа 0-4 нас, 4-8 насны жаахан хүүхдийг хүчирхийлсэн гэхээр ухаан санаанд буухгүй юм. Эдгээр гэмт этгээд сэтгэцийн эмгэгтэй болоод ийм жаахан хүүхдийг хүчирхийлж байна уу. Эсвэл таашаалын төлөө ийм харгис үйлдэл хийдэг юм болов уу?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дунд сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон хүн байгаагүй. Оношлогдоогүй гэхээр сэтгэц эрүүл гэсэн үг биш. Бага насны хүүхдийг хараад дур хүсэл нь төрдөг хүмүүсийн дунд архины хамаарал их байна. Архи уухаар тухайн хүнд далд байсан сэтгэцийн эмгэг хөдөлж байна. Тийм учраас гэмт хэрэг үйлдэж байгаа иргэдийн архины хамаарлыг тогтоох, ДЭМБ-аас санал болгосон архины хэрэглээний тестийг ашигладаг, далд хэлбэрт байгаа сэтгэцийн энэ ноцтой эмгэгийг тогтоодог байх хэрэгтэй байна. Энэ нь хэрэг хариуцах чадвараас өөр дүгнэлт шүү. Архи уусан үедээ ямар араншин гаргадаг вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ёстой.

Урьдчилан сэргийлэхийн тулд архины тогтмол хэрэглээтэй, ажилгүй, өрөөсгөл гэр бүлтэй, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бүлэгт чиглэж ажиллахгүй бол болохгүй нь.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ялын бодлого хөнгөрсөн. Ингэх нь зөв байсан гэж үү?

-Цаазын ял байхгүй болгосноор энэ төрлийн гэмт хэрэг өслөө гэж иргэд ярьж байна. Гэхдээ үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд ялын бодлого чанга байснаар нөлөөлж чаддаггүй. Мөн цаазын ялтай байхад үед, цаазын ялгүй болсноос хойш энэ төрлийн гэмт хэрэг хэчнээн гарсан бэ гэдгийг судлах ёстой.

Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг гарч байсан уу гэвэл маш их хэмжээгээр гардаг байсан. Хамгийн гол нь олон нийтийн мэдэх эрх нээлттэй биш байсан болохоор иргэд тэр бүр мэддэггүй байсан юм.

Үзэн ядснаар гэмт хэргийг бууруулна гэсэн ойлголт байхгүй. Гэмт хэргийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, хяналт тавих бодлого, тогтолцоо, үүрэг оролцоог өөрчлөх ёстой. 

-Найман настай охиныг хүчирхийлсэн этгээд шүүхээс 12 жилийн ял авч охин 20 нас хүрэх үед шоронгоос суллагдлаа гэж бодъё. Гэтэл хүчирхийлэгчийн суллагдах хугацаа дөхөх тусам дахиад хүчирхийлэх вий гэсэн айдаст хохирогчид автаж улмаар сэтгэл зүйн эмгэгтэй болдог гэж мэргэжлийн хүн хэлж байсан?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг нөхөн сэргээх эмчилгээ Монгол Улсад хаягдсантай холбоотой асуудал. Гэмт этгээд шоронгоос суллагдана гэж айх нь нэг айдас. Нөгөөтэйгүүр, хүчирхийллүүлж байсан үеийн айдас үүнээс илүү сэтгэл зүйд эмгэг үлдээхээс гадна насан туршид дагалдаж, дахин хэвийн амьдралаар амьдрах боломжгүй болгох цаашлаад амиа хорлох эрсдэл бий болох  урхагтай. Тиймээс л дээр хэлсэнчлэн нөхөн сэргээх эмчилгээнд заавал хамруулах ёстой. Хохирогч болгонд гэмт этгээд суллагдаад яах бол гэсэн айдас байдаг нь үнэн. Бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэн бүрийг шоронгоос суллахгүй байх боломжгүй шүү дээ.

-Дэлхийн зарим улсад бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд шоронгоос суллагдсаныхаа дараа хохирогчоо намнадаг тохиолдол олон гардаг юм билээ. Тиймээс хуульдаа тусгайлан зааж өгөх байдлаар хохирогчийг хамгаалалтад авдаг гэсэн. Ийм арга хэмжээ авах боломж манай улсад бий болов уу?

-Жишээлбэл, Герман Улсыг нэрлэж болно. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ялаа эдлээд дууссаны дараа цагдаагийн байгууллага хяналтадаа авдаг. Хохирогчоос ийм хэмжээтэй зай барих ёстой гэдгээс эхлээд цахилгаан гав зүүдэг.

Европийн холбооны зүгээс нэгэнт ял шийтгүүлсэн хүнийг дахин шийтгэлээ гэж саяхныг хүртэл шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үүн шиг хохирогчид дахин халдахаас сэргийлэх арга хэмжээ авах боломжтой.

Түүнээс биш цаазаар авснаараа хохирогч дахин хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой.

-Та эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлээр өссөн иргэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэсэн. Судалгаанд хамрагдсан хэрэгтний хэдэн хувь нь ийм шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн юм бол?

-Шүүхээр ял шийтгүүлсэн 250 хэрэгт 300 гаруй хүн холбогдогчоор тогтоогдсон байсан. Эдгээрийн 42 хувь нь хагас өнчин, тэр дундаа ээждээ хаягдсан иргэд. Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа 10 ялтнаас асуумж авахад найм нь бага насандаа ээждээ хаягдсан, эмэгтэй хүнд тоогдоггүй байдлаасаа болж эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлтэй болсон байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

-Энэ төрлийн суурь судалгааг өмнө нь хийж байсан юм болов уу?

-1973-1983 онд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн гэж байсан. Тухайн үед хэд хэдэн томоохон судалгаа хийсэн юм билээ. Гэвч 1983 онд тодорхой бус шалтгаанаар дээрх судалгааны хүрээлэнг татан буулгасан. Ер нь бол аливаа гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, ядуурал гэсэн гурван том “малгай” нөхцөл байдалд суурилсан байдаг. Энэ нь тухайн үеийн намын үзэл суртал, бодлогод сөргөөр нөлөөлсөн гэдэг үндэслэлээр татан буугдсан байх магадлалтай.

Үүнээс хойш бие даасан, сайн дурын хөндлөнгийн байгууллагууд тандалтын судалгаа хийсэн байдаг. Прокурорын байгууллагаас хийсэн судалгааний нэг онцлог нь эрүүгийн хэрэг судалдагаараа мөн мэргэжлийн судлаачид буюу  социологич, сэтгэл судлаачийг оролцуулан хийснээрээ бодитой судалгаа гэж үзэж байгаа.

Эрүүгийн хавтаст хэрэг нь  хохирогч болон гэмт хэрэг үйлдсэн хүний түүх агуулагдаж байдаг гэдэг утгаараа судалгаа бодитой болсон.

Г.Нацаг-Эрдэнэ

www.24tsag.mn