Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнөөдөр /2019.04.21/осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очсноор дөрвүүлэнг нь гаргаж чаджээ. Гэвч нь 27-47 насны гурав хүн газар дээрээ нас барж, нэг иргэн амьд үлдсэн байна. Үлдсэн нэг иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.

Бид ослын талаар Налайх дүүргийн Онцгой байдлын газраас тодруулахад "2019 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 20.40 цагт ослын дуудлага ирсэн. Ослын дагуу Онцгой байдлын 40 гаруй алба хаагч ажилласан. Амьд үлдсэн нэг иргэнийг бид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн байгаа. Мөн осол болсон уурхайг мэргэжлийн байгууллагууд нь шалгалт явуулж, хаах шийдвэр гаргасан" гэлээ.

Ослын газарт Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа гэх мэт нийт 76 хүн шөнийн 04.00 хүртэл ажиллаж, яаралтай арга хэмжээ авсан байна. Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус уурхай нь өнгөрсөн долоо хоногоос үйл ажиллагаа явуулж эхлээд байсан байна. Гэхдээ мэргэжлийн байгууллага осол гарсан уурхайг хаах шийдвэр гаргасан гэдгийг хэлж байлаа.