“Сант Марал” төвөөс өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарлалаа. Судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. Ийнхүү тэрээр анх удаа топ гуравт багтаж байгаа юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаатай харьцуулахад Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байрт оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж гарч ирсэн нь энэ удаагийн судалгааны онцлог байв. Түүнчлэн топ улс төрчдийн жагсаалтад Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар багтсангүй.

Топ гурвын араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), МАХН-ын дарга, Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь) “Бүгд найрамдах” намын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь)-иар жагсчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (5.7 хувь), С.Жавхлан жагсаалтын наймд (5.3 хувь)-иар, МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь)-иар топ 10-т багтаад байна. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж,  ард түмний хайртай хүү хэмээгдээд байсан УИХ-ын таван гишүүнээс энэ удаагийн судалгаанд гурав нь нэлээд дээгүүр давхижээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар топ жагсаалтад хараахан багтаагүй байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэн байна. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 24.6 хувь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар удаалжээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Тэгвэл Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар жагссан байна.

Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ.

Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэжээ. Түүнчлэн  иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзсэн, маргааш сонгууль болбол иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.22  82, 83 (6049, 6050)